Утга зохиолын шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан үндэсний зохиолч, яруу найрагч, шүүмж судлаачдын дунд утга, уран зохиолын шилдэг бүтээлийн уралдаан зарлаж байна.
Уралдааныг Монгол Улсын Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Чөлөөт Зохиолчдын Эвлэл хамтран зохион байгуулж буй юм.
Энэхүү уралдаан нь түүхэн ялалт авчирсан 1921 оноос
хойших 100 жил Монгол Улс тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа
бататган хамгаалж, үндэстний хувьд сэргэн мандаж, нийгэм, улс төр, эдийн
засгийн бүх салбарт их бүтээн байгуулалт өрнүүлсэн ололт амжилт, хөгжил
дэвшлийн түүх, монголчуудын туулсан бартаатай боловч бахархам амьдралын
замналыг уран сайхнаар туурвин илэрхийлэх,шинэ уран бүтээлч, залуу авьяастныг
тодруулах, XXI зууны Монголын уран зохиол, түүний сан хөмрөгийг шилдэг
бүтээлээр баяжуулах зорилготой.
Мөн соён гэгээрүүлэх, үндэсний бахархал төрүүлэх, 1921 оны эрх
чөлөө, тусгаар тогтнолын төлөө ардын хувьсгалын 100 жилийн түүхэн ач холбогдлыг
тусган илэрхийлсэн утга агуулгатай байх юм. Эх хэлний яруу
найруулга, уран дүр, өвөрмөц дүрслэлийн өндөр хэмжээнд бичсэн, уран сайхны шинэ
нээлт болохуйц бүтээл туурвилыг олшруулах, шилдгийг шалгаруулах, орчин цагийн
Монголын уран зохиолын хөгжлийг дэмжих үүднээс тухайн сэдэвт хамаарах
бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэх,
хөхиүлэн дэмжих, зохиолч, яруу найрагчдын туурвин бүтээх үйлсийг өргөмжлөн
урамшуулах зэрэг зорилтыг тавьж байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь эх орон, тусгаар тогтнол, хүний
эрхэм дээд зан чанар, ёс зүйг дүрслэн үзүүлсэн, шинэлэг, уран сайхны үнэ цэнтэй
байх, 100 жилийн түүхэн үйл
явдлыг үнэлж дүгнэх бус, уран сайхны сэтгэлгээ, нээлт, ур чадвар, зохиомж,
найруулга, үйл явдал, учир зүй, дүр дүрслэлийн өндөр төвшинд эх хэлний дээд
найруулгаар, хэлзүйн алдаа мадаггүй бичсэн байх шаардлагатай.
Шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, роман болон хүүхдэд зориулсан жүжгийн зохиол нь
нийтийн хүртээл болоогүй байх, уран зохиолын шүүмжийн төрөлд ирүүлэх бүтээл нь
үндэсний уран зохиолын бүтээлүүдэд онолын үндэслэл, шүүмжлэгчийн байр сууринаас
бодитой хандсан, зөв зүйтэй үнэлэлт, задлан шинжлэл, тайлбар бүхий шинэ болон
сүүлийн 3 жилийн хугацаанд ном, сонинд зэрэгт хэвлэгдсэн байж болно.
Уралдааныг туурвил зүйн онцлогоос нь шалтгаалж:
Нэг. Яруу найргийн төрөл: Шүлэг, найраглал
Хоёр. Үргэлжилсэн үгийн төрөл: Өгүүллэг, тууж, роман
Гурав. Хүүхдэд зориулсан жүжгийн зохиол
Дөрөв. Уран сайхны шүүмжийн бүтээл гэсэн үндсэн дөрвөн хэсэгт
нийт 7 ангиллаар зохион байгуулж, мэргэжлийн шүүгчдийн баг дүгнэн шилдэг
бүтээлүүдийг шалгаруулна.
Шүлэг, найраглал, өгүүллэгийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний
өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна.
Яруу найргийн төрөлд нэг яруу найрагч 3 хүртэл шүлгээр оролцож
болох бөгөөд тухайн бүтээлээ бичвэр буюу файл хэлбэрээр мөн өөрөө уншсан
дүрстэй бичлэгийг уралдааныг зохион байгуулах газарт илгээнэ.
Найраглалын төрөлд нэг яруу найрагч 2 хүртэл найраглалаар
оролцож болох бөгөөд уралдааныг зохион байгуулах газарт тухайн бүтээлээ бичвэр
буюу файл хэлбэрээр илгээхээс гадна цаасан эхийг 1 хувь хэвлэж ирүүлнэ.
Өгүүллэгийн төрөлд нэг зохиолч 3 хүртэл бүтээлээр оролцож болох
бөгөөд бүтээлээ бичвэр буюу файл хэлбэрээс гадна тухайн бүтээлийг уран
уншигчаар уншуулсан дүрс бүхий бичлэгийг илгээнэ. Бичлэг хэлбэрээр илгээсэн
бүтээлүүдийг ирсэн дарааллын дагуу Соёл, урлагийн газрын пэйж хуудсанд
байршуулж нийтийн хүртээл болгоно.
Тууж, роман, хүүхдэд зориулсан жүжгийн зохиол, шүүмж судлалын
бүтээлийг 2021 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн
авна.
Тууж, роман, хүүхдэд зориулсан жүжгийн зохиол, шүүмж судлалын
төрөлд нэг зохиолч, шүүмж судлаач 1 бүтээлээр оролцох бөгөөд бүтээлээ бичвэр
буюу файл хэлбэрээр илгээхээс гадна 1 хувь цаасан хэлбэрээр зохион байгуулах
газарт ирүүлнэ.
Бүтээлд зохиогчийн овог нэр, хаяг, цахим шуудангийн хаяг, гар
утасны дугаар болон ямар төрлөөр оролцож байгаагаа тодорхой бичнэ.
Windows/Microsoft-ын программыг ашиглан Arial үсгийн тигээр (297x210мм (A4),
11pt үсгийн хэмжээг сонгон бичсэн байна. Гар бичмэлийг А4 хэмжээний бичгийн
цаасан дээр хэвлэж, хуудсыг дугаарлан хавтасласан байна. Дуу бичлэгт зохиогч
болон бүтээлийн нэр, уншигчийн овог нэр, уран бүтээлийн студийг тодорхой
тэмдэглэсэн байх шаардлагатай.
Уралдаанд оролцогчдын эх бүтээлийг архивлан хадгалж, ном,
контент болгож нийтэд хүргэнэ.
Жич: Ирүүлсэн бүтээлүүд нь уралдаанд тавигдах шаардлага
хангаагүй тохиолдолд тухайн төрөл зүйл, ангилал дээр сонгон шалгаруулалт
хийгдэхгүй байж болно.
Мэдээллийн ивээн тэтгэгч:
МҮОНРТ, TV-5, LIVE-TV, Монголын Үнэн сонин, Өдрийн сонин, Утга
зохиол сонин
Бичвэр буюу файл хэлбэрээр хүлээн авах:
Munkhtuya@culture.gov.mn
Дүрстэй бичлэг хэлбэрээр хүлээн авах:
Wetransfer.com ашиглан
Munkhtuya@culture.gov.mn
Цаасан эх хувийг хүлээн авах хаяг:
Монгол Улс.Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг. Нэгдсэн Үндэстний
гудамж. Засгийн газрын II байр.