Улсын хэмжээнд иргэдийн 53.6 хувь нь вакцины эхний тунг хийлгээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 18 935 иргэнийг өчигдөр дархлаажуулжээ. Үүнээс нийслэлд 7144 хүн, орон нутагт 11 791 хүн вакцинд хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн иргэдийн 1 001 954 нь эхний тунг, 879 524 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 899 116 хүн, хоёрдугаар тунг 863 236 хүн тариулжээ.
Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 2 001 070 хүн, хоёрдугаар тунгаар 1742 760 хүн буюу нийт хүн амын 53.6 хувийг дархлаажуулаад байгаа юм.
Насны бүлгийн
хувьд 12-15 насны хүүхэд вакцинд
идэвхтэй хамрагдаж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар, нэгдүгээр тунд 29
481 хүүхэд хамрагдаад байна.
Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх
• Дулаан хувцаслах
• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх
• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх
• Эмчийн үзлэгт орох
• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?
• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх
• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)
• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх