Багануур дүүрэг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв"-тэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэд "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв"-ийн нээлт энэ сарын 27-нд болов.
Тус төв нь иргэдэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, халдварт болон халдварт бус өвчний тандалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна иргэд болон байгууллага, аж ахуй нэгж рүү чиглэсэн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгийн үзлэг оношилгоо хийх юм.
2020-2021 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар барилгын их засвар хийж, 918,575,000 төгрөгийн 28 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр хангажээ. Мөн Дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгсөн байна.
Ингэснээр нарийн мэргэжлийн зарим төрлийн оношилгоог иргэд дүүрэгтээ хийлгэх боломж бүрдэж байгаа юм.
Төвийн нээлтийн үеэр "Сүрьеэ болон Ковид-19 халдварыг эрт илрүүлэх 10 хоногийн аян"-ыг эхлүүлж, зорилтот бүлгийн иргэдийг хамруулжээ.
Нээлтэд УИХ гишүүн Ц.Сандаг-Очир, НЭМГ-ийн Нийгмийн эрүүл мэндийн орлогч дарга О.Нандин-Эрдэнэ, Дүүргийн засаг дарга С.Даваасүрэн, "Глобал" сангийн ДОХ/БЗДХ-ын төслийн зохицуулагч Н.Цогзолмаа, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Ганцэцэг болон албаны хүмүүс оролцов.