Одоогоор 12-15 насны 56 мянга гаруй хүүхэд вакцин хийлгээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-02 11:28:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 16 441 иргэнийг өчигдөр  дархлаажуулжээ. Үүнээс нийслэлд 7529 хүн, орон нутагт 8912 хүн вакцинд хамрагдсан байна.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн иргэдийн 1 015 089 нь эхний тунг, 882 214 нь хоёрдугаар тунг тариулаад байна. Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 1 023 039 хүн, хоёрдугаар тунг 1 750 266 хүн тариулаад байна.


Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 2 038 128 хүн, хоёрдугаар тунгаар 1 750 266 хүн буюу нийт хүн амын 53.8 хувийг дархлаажуулаад байгаа юм.

Өнөөдрийн байдлаар жирэмсэн эмэгтэй 2269,  хөхүүл 1846,  12-15  насны 56 628 хүүхэд, 16-17 насны 42 531 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдаад байна. Одоогоор эмнэлэгт 800  гаруй жирэмсэн эмэгтэй, 2900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж.


Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

Ковид-19-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

Дулаан хувцаслах

Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

Эмчийн үзлэгт орох

Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

 

 

 

相关新闻