Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимпын баг тамирчдад Төрийн далбаа гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн Зуны 32 дугаар олимпын наадам, 16 дугаар паралимпын наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордны Ёслолын танхимд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баг тамирчдад амжилт хүсэж, төрийнхөө далбааг "Токио-2020" олимпын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг болон Монголын багийн тугч Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нарт гардуулан өгөв.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тусгаар тогтносон Монгол Улсын ард түмний хийморь золбоо, итгэл сэтгэлийг тээсэн тамирчид маань олимпын бэлтгэл сургуулилтаа эх орондоо ханган, хурд хүч, авхаалж самбаа, эр зориг, тэсвэр хатуужлаа сорихоор Токиог зориход бэлэн болоод байна.
Энэ удаагийн олимпод манай баг тамирчид анх удаа 3х3 сагсан бөмбөг, ширээний теннисний төрлөөр олимпийн эрх авсанд талархаж байгаагаа илэрхийлье. “Бээжин-2008” олимпоос алтан медаль авсан бахархалт амжилтыг ахиулах, олимпын шинэ аваргуудыг төрүүлэх, Монголын спортын түүхэн замналыг баяжуулах чухал хариуцлагатай цаг мөч бидний өмнө тулгараад байна.
“Токио-2020” зуны олимпод бэлтгэх стратеги хөтөлбөрт
тусгасан эрхийн болзлоо биелүүлэхэд төр засгаас анхаарал хандуулж, олон
байгууллага, хүмүүс дэмжлэг туслалцаа үзүүлснийг та бүхэн санаж, олимпын
наадамдаа өндөр хариуцлагатай оролцож, үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлнэ гэдэгт
гүнээ итгэж байна.
Дэлхий нийтэд тархаад байгаа цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг өндөрт өргөн, итгэл найдварыг дааж, Токиогийн тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, алтан соёмбот төрийн далбаагаа олонтаа мандуулахын ерөөл дэвшүүлье” гэв.
Монголын багийн тугч, сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан
“Тамирчид бид дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед халдвар хамгааллын
дэглэмийг сайтар баримтлан өдөр бүр бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, төр
засаг, ард түмнийхээ итгэлийг алдалгүй олимпын наадамд өндөр амжилт гарган
оролцохыг хичээж ирлээ. Манай тамирчдад төр засаг, ард түмний хайр, хүндэтгэл
дутаагүй.
Бид бүхнээс зөвхөн өндөр амжилт гаргахыг хүлээж байна. Тамирчид
бид хувийн зохион байгуулалт, сахилга батаар сайн байж, олимпын наадмын Зохион
байгуулах хорооноос тавьсан шаардлага, дүрэм журмыг сайтар сахиж, допингоос
ангид байж, улс орнуудын тамирчидтай шударга өрсөлдөн өндөр амжилт гаргахаа
төрийн их цагаан сүлднийхээ өмнө батлан илэрхийлье.
Бидэнд ялагдах эрх байхгүй. Төр засаг, ард түмнийхээ итгэл найдварыг алдалгүй өндөр амжилт гаргахын төлөө хичээн зүтгэх болно” гэлээ.