Хүндээр өвчилсөн иргэдийн тоо 1.8 хувь болж буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 7 хоног бүр ХӨСҮТ-өөс тоймлон нэгтгэн хүргэж байна. 26 дахь 7 хоногийн байдлаар манай улсад 15.478 хүнд халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Үүнийг өмнөх 7 хоногтой харьцуулахад бага зэрэг буураад буйг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээллээ. Сүүлийн дөрвөн 7 хоногт маш хүнд өвчилж байгаа хүний тоо 2,8 хувь байсан бол 1,8 хувь болж буурчээ. Хөнгөн өвчтөн 50-64 хувь болж нэмэгдсэн. Үүнээс үзэхэд вакцинжуулалтын нөлөө гарч байна гэдгийг тэрээр мэдэгдлээ.
Дотоодын нийт халдвар нийслэл Улаанбаатар хотод 60 хувь, аймаг, орон нутагт 40 хувь бүртгэгдээд байна. Нас баралтын түвшин 5 дугаар сард хамгийн оргил үедээ байсан бол халдварын 2 дахь давлагааны үед нас баралтын түвшин харьцангуй буурсан гэв.