Эрүүл мэндийн сайд С.Энхболд улаан бүсийн эмнэлгүүдэд ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-12 20:40:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн төв эмнэлэг, Яармаг дахь яаралтай тусламжийн төв болон Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн улаан бүсэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр ажиллалаа.


Эрүүл мэндийн сайд С.Энхболд улаан бүсэд нь орж ажилласан  Цэргийн төв эмнэлэг 570 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Коронавируст халдвараар батлагдсан 322 хүн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 15 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.


Цэргийн төв эмнэлгийн дарга ерөнхий эмч, хурандаа С.Батболд эмнэлэгт нөхцөл байдал хүнд байгааг онцолж байлаа. Тус эмнэлгийн эмч сувилагч давхардсан тоогоор нийт 1540 хүний бүрэлдэхүүнтэйгээр КОВИД-19 цар тахалтай тэмцэн ажиллаж байна.




Үүний дараа тэрбээр Яармаг дахь Яаралтай тусламжийн төвийн улаан бүсэд орж ажиллав. Тус төвийн хувьд харьяалал харгалзахгүй батлагдсан тохиолдлыг хүндрэхээс өмнө хүлээн авч, эмчилж эргээд харьяа дүүргийн эмнэлэгт нь шилжүүлэх хөдөлгөөнийг зохион байгуулдаг. Яаралтай тусламжийн төв 68 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлж байгаа 30 хүн байгаагаас 7 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.


Төлөвлөгөө ёсоор удахгүй нэмэлтээр ор дэлгэж нийт 145 орыг дэлгэн ажиллах юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус төвийн улаан бүсэд ажиллаж эмч эмнэлгийн ажилчдын санал хүсэлтийг сонслоо.




Мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус эмнэлэг Ковидын 115 ор дэлгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 133 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 17 хүүхэд, маш хүнд 4 хүн байгаа юм


Улаан бүсэд нөхцөл байдал бол хүнд байгаа ч цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд ажиллаж байгаа нийт эмч эмнэлгийн ажилчиддаа Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж амжилт хүсэв.

 


相关新闻