Сүүлийн 24 цагт 1295 хүнээс халдвар илэрч 10 хүн нас барлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1298 хүнээс коронавирусний халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв.
Тодруулбал, Улаанбаатар хотод 646, орон нутагт 644 халдварын тохиолдол батлагджээ. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 3 929 хүн эдгэрсэн бол 10 хүн нас барчээ.
Нас барсан хүмүүсийн 5 нь эмэгтэй, 5 нь эрэгтэй бөгөөд насаар нь ангилбал, 41-60 насны гурав, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны нэг хүн байна. Нас баралтын шалтгааны хувьд найм нь зүр судасны өвчлөл байжээ.
Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдол 145 787, нийт нас баралт 726 болж байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 125 882 болж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 10 462 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2 358 нь хүүхэд, 573 нь жирэмсэн эх байгаа юм. Харин гэрийн хяналтад 16 544 хүн байна.
Улсын хэмжээнд хоёр сая 105 мянга 276 хүн вакцины нэгдүгээр тунд, нэг сая 815 мянга 790 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.