Биобэлдмэлийн үйлдвэрт иммунглобулин туршиж, чанарын шинжилгээ хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЭМҮТ-ийн дэргэдэх Биобэлдмэлийн үйлдвэрт хепатит, томуу, томуу төст өвчин, улаанбурхан зэрэг вируст, стафилакокк, менингококк зэрэг бактерийн гаралтай өвчнөөс урьдчилсан сэргийлэх, эмчлэх, дархлаа сэргээх Иммунноглобулиныг үйлдвэрлэж, туршилт, чанарын хяналтын шинжилгээ хийж эхэлжээ.
Тодруулбал, 2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээх шийдвэрийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан энэ оны зургаадугаар сард сэргээх шийдвэр гаргасан юм. Улмаар уг үйлдвэр Иммунноглобулиныг үйлдвэрлэж, туршилт, чанарын хяналтын шинжилгээ хийж байгааг НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо нар энэ сарын 6-нд Шадар сайд С.Амарсайханд танилцууллаа.
“Хүний хэвийн Иммуноглобулин” нэртэй үйлдвэрлэх тус бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлсэн тохиолдолд Биобэлдмэлийн үйлдвэр нь 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 1500-3000 хүн тунг гарган авах боломжтой аж. Иммуноглобулин хэмээх уургийн бэлдмэлийг КОВИД-19-ийн халдварын хүндэвтэр шатны эрт үеийн эмчилгээнд хэрэглэх нь халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс сэргийлдэг болохыг олон орны судалгаа харуулж байна. Мөн ДЭМБ-аас коронавируснийн халдварын үед хэрэглэж болно гэж эмчилгээний удирдамждаа заасан байна.
Манай улсад хэвийн болон өвөрмөц Иммуноглобулиныг урьд нь халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан арвин туршлагатай. Тиймээс дээрх туршлагад тулгуурлан монгол хүний биеийн онцлогт тохирсон уг бэлдмэлийг шинэ технологиор үйлдвэрлэн эмчилгээнд хэрэглэхээр бэлтгэж байгаа нь цар тахлаар хүндэрч нас барахаас, нянгийн хоёрдогч халдвараас сэргийлэх, вирусний эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээх боломжтойг судлаачид онцолж байна. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр ижил төрлийн импортын бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдан авах зардлыг бууруулан, гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгах боломжтой аж.