Багшийн нэр хүндийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-30 17:51:54

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын Ахмад багш нарын холбооноос өнөөдөр Төрийн ордонд “Монголын ахмад багш нарын хүндэтгэлийн дурсамж уулзалт”-ыг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн дурсамж уулзалтыг нээж Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат багш, профессор Д.Амар хэлэхдээ, “Монгол оронд багш хэмээх албан тушаал одоогоос 1800 гаруй жилийн өмнө Нирун гүрэн лам Дармаприяг төрийн багшаар томилсноор эхэлдэг. Энэхүү ажлыг хамгийн их хүчтэй өрнүүлсэн хүн бол саяхан 800 жилийн ойг нь тэмдэглэсэн Хувилай цэцэн хаан юм. Хувилай цэцэн хаан 1264 онд Пагма ламд, 1295 онд эрдэмтэн Чойжи Одсэрт, 1333 онд эрдэмтэн Барнаширт төрийн багш буюу улсын багш хэмээх цол хэргэмийг өргөмжилж байсан ба үүнээс цаашид багшийг өргөмжлөх ажил хүчтэй өрнөсөн” гэлээ. Тэрбээр цааш хэлэхдээ,"Өнөөдөр 46500 хүн багшилж байгаа ба 32500 ахмад багш байна. Төр засагтаа дуулгахад багшийн нэр хүндийг дээшлүүлэх, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, орон байраар хангах, шагнал урамшлын оновчтой систем нэвтрүүлэх шаардлагатай" гэдгийг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахмад багш нар тухайн цаг үедээ хөрвөх чадвар бүхий нийгмийн тэргүүлэх эгнээний сэхээтнүүд байсан гэдгийг тэмдэглээд одоо ч тэдний нийгэмд үзүүлэх нөлөө буураагүй хэмээв. Мөн БСШУ-ны дэд сайд Б.Тулга салбарын яамнаас хэрэгжүүлж буй бодлого зорилт, энэ оны үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийгээд оролцогчдод баярын мэнд дэвшүүллээ.

Монголын Ахмад багш нарын холбоо 10 жилийн өмнө үүсгэлээ тавьж байжээ. Ойг угтаж тус төрийн бус байгууллага багш нарын нэр хүндийг өргөж, ажил амжилтыг нь сурталчилсан “МАБНХ 10 жилд” баримтад кино бүтээжээ. Мөн тэргүүний ажил холбоо зөвлөлийг шалгаруулсаны зэрэгцээ БСШУЯ, БОНХАЖЯ-тай хамтран болзолт уралдаан зохион байгуулж,  дүгнэсэн байна. Түүнчлэн “Багш-Эрдэнэ” сэтгүүлийн анхны дугаарыг хэвлэн нийтлүүлсэн зэрэг ажлыг ойн босгон дээрээ хийж амжуулсан аж.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻
注释