Япон Улс Монголд вирусний генийн өөрчлөлтийг тодорхойлох лаборатор, тоног төхөөрөмж нийлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамуро Эриког хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЖАЙКА эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. ЖАЙКА-аар дамжин хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлага өндөр, үр өгөөжтэй ажлууд байдгийг онцлон тэмдэглэлээ.
Хатагтай Тамуро Эрико эрүүл мэндийн салбар нь ЖАЙКА-ын хамтын ажиллагааны тэргүүлэх салбаруудын нэг болохыг онцлохын сацуу энэ оны эхний 8 сарын хугацаанд гурван том төслийг шинээр эхлүүлж байгааг дурдлаа.
Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА хооронд “КОВИД-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах тухай тохиролцох бичигт гарын үсэг зурав. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр Монгол Улсад нэн шаардлагатай байгаа вирусний генийн өөрчлөлтийг тодорхойлох лаборатори болон бусад тоног төхөөрөмж, хэрэгслийг Япон Улсаас нийлүүлэх юм.