“Мөрөөдлийн талбай” төслийн нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар Азийн хөлбөмбөгийн
холбоотой хамтран “Мөрөөдлийн талбай” (Dream field) төслийг хэрэгжүүлэхээр талууд хоёр хоногийн
өмнө санал солилцож ямар ажил хийгдэх талаар уулзсан. Тэгвэл өнөөдөр талууд
хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж төслийн нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн Засаг даргын орлогч
Б.Жавхлан, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Ганчимэг, Азийн
хөлбөмбөгийн холбооны зөвлөх, “Dreamfeilds” ХХК-ийн захирал Колин Гибсон нар оролцлоо. “Dreamfeilds буюу Мөрөөдлийн талбай” төслийн үйл
ажиллагаа нь Ковид-19 цар тахлаас шалтгаалан багагүй хугацаанд хойшилсонч өнөөдрөөс
эхлэн албан ёсоор эхэлж байна. Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт
байрлах Цэнгэлдэх хүрээлэнг засаж сайжруулах, байнгын үйл ажиллагаатай болгож хүүхэд залуусын
соёл, амралтын төв болгох аж. Уг төслийн хүрээнд аймгийн ЗДТГ-ын зүгээс шаардлагатай бүхий л дэмжлэгийг үзүүлж хамтран
ажиллах боломжтойг нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан онцолсон. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжэх энэхүү төслийн үр дүнд
цэнгэлдэх хүрээлэнг бүрэн засварлаж байнгын үйл ажиллагаатай болгохоос гадна
Дархан сумын 1-3 дугаар багийн гэр хорооллын хүүхэд залуусыг спортоор дамжуулан
нийгэмшүүлэх, хөгжүүлэх, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, ажлын байр нэмэгдэх давуу
талтай ажээ.



