Коронавиурсний дельта хувилбар бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Манай аймагт өнгөрсөн долоо хоногт батлагдсан тохиолдлуудаас
түүвэрлэн 39 сорьцийг ХӨСҮТ рүү шинжилгээнд явуулсэн аж. Дээрх сорьцуудаас долоон сорьцод дельта вирусний халдвар батлагджээ. Дельта
хувилбараар халдварласан долоон тохиолдлын ойрын хавьтал болох арван хүн коронавирусний халдвараар өвчилж эмчлүүлсэн гэж
аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ танилцуулав. Тиймээс
иргэд мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх, олон
хүнтэй газар аль болох явахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг
анхааруулж байна. ЭМГ-аас долоо хоног бүр нарийвчилсан шинжилгээг ХӨСҮТ-ийн
лаборатори руу явуулж байгаа аж. Нийт иргэдийн дунд уг хувилбар тархсан байж
болзошгүй тул гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч тогтмол
хэрэглэх, амны хаалтаа солих зэрэг энгийн зааврыг мөрдөх хэрэгтэйг эрүүл
мэндийн байгууллагаас зөвлөж байна. Түүнчлэн коронавирусний дельта хувилбар нь халдварлах эрсдэл өндөртэй, өвчний
хүндрэл, нас баралтыг хоёр дахин нэмэгдүүлж буй судалгааны үр дүн байгаа тул халдвартай иргэнд
тусламж, үйлчилгээ үзүүлэх, хариу арга хэмжээ авах төлөвлөлтийг орон нутгийн
онцлог, чадамж, өмнөх давлагааны үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага,
сургамжид үндэслэн боловсруулахыг аймгийн ЭМГ-т Эрүүл мэндийн сайдын албан
даалгавраар үүрэг болгожээ.