ХХҮГ-т бүртгэлтэй иргэд ургац хураалтад оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн
хэмжээнд ургац хураалт энэ долоо хоногт эхэлсэн. Төмс, хүнсний ногооны ургац
хураалтад аймгийн ХХҮГ-т бүртгэлтэй ажилгүй, хүнсний талонд хамрагддаг иргэд
болон оюутан, залуус оролцож байна. Энэ жил нийт 24,6 мянган га талбайд үр тариа,
малын тэжээл, тосны ургамал, улаан буудай, төмс хүнсний ногоо тариалсан аж. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн
яамны шийдвэрээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүнсний эрхийн бичгийн
үйлчилгээнд хамрагддаг, ажилгүй иргэдийг намрын ургац хураалтын ажилд татан
оролцуулахаар болсон. Энэ дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хүнсний эрхийн бичгийн
үйлчилгээнд хамрагддаг бүх иргэдийг жилдээ хоёр удаа нийтийг хамарсан үйл
ажиллагаанд идэвхтэй оролцож байх шийдвэрийг гаргасан.
Тиймээс намрын ургац хураалтад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний
газарт бүртгэлтэй хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг эхний ээлжийн
110 орчим иргэн намрын ургацын ажилдаа гарлаа. Дээрх иргэд Орхон сумын газар тариалан эрхэлдэг иргэд,
аж ахуйн нэгжээс
өдрийн 30-40 мянган төгрөгийн цалин авч 7-10 хоног ажиллах ажээ. Цаашид намрын ургац хураалтын ажилд
дээрх эрхийн бичгийн үйлчилгээг авдаг бүх иргэдийг үе шаттайгаар хамруулахаар
төлөвлөсөн аж.
Түүнчлэн
намрын ургац хураалтад
оролцох хүсэлтэй иргэд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний
газарт хандан хүсэлтээ өгч ажлын байраар хангагдах боломжтой ажээ.



