Улаанбаатар хотод нийт шинжилгээнд эзлэх эерэг хувь 20 хувьд хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-03 11:56:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн долоо хоногт өдөрт бүртгэгдэх “Ковид-19” халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж 3000 даваад байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Тэрбээр, “Монгол Улсад өмнө нь цар тахлын хоёр давалгаа бүртгэгдсэн. Сүүлийн үед хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотой халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Улаанбаатар хотод нийт шинжилгээнд эзлэх эерэг хувь 10 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 20 хувьд хүрлээ.  Мөн хөдөө орон нутагт өвчлөл эрс нэмэгдсэн. Нийт батлагдсан тохиолдлын 73 хувь нь орон нутагт, 27 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Наймдугаар сарын 28-нд хийсэн таамаглалаар, дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-аас дээш гарна гэж тооцоолсон” гэв.


Энэ сарын 2-ны байдлаар, 43 мянган хүүхэд өвчилснөөс 70.4 хувь нь Улаанбаатарт бүртгэгджээ. Хүүхдүүдийн халдварлах тохиолдол наймдугаар сарын дунд үеэс нэмэгдэж байгаа бөгөөд 5-11 насны хүүхдийн өвчлөл хамгийн өндөр хувьтай байгаа аж. Мөн 17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт өвчлөлийн 19.6 хувийг эзэлж байгаа бөгөөд одоогоор 2439 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна.

 

.

相关新闻