Монголын балетчид олон улсын тэмцээнээс хүрэл цом хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДБЭТ-ын залуу уран бүтээлчид БНСУ-д өнгөрсөн сарын 22-26-нд болсон "Korea international ballet competition" олон улсын балетын "А" зэрэглэлийн уралдаанд амжилттай оролцон, эх орондоо ирлээ.
Тодруулбал, ес дэх удаагийн уг наадмаас УДБЭТ-ын гоцлооч, СТА О.Ганцоож, О.Анужин нар хүрэл цом, тусгай шагнал, үзэгчдийн нэрэмжит шагнал хүртжээ. Дэлхийн 20 гаруй орны 150 бүжигчин авьяас чадвараа сорьсон энэ уралдаанд манай 8 бүжигчин оролцсон юм .
О.Ганцоожийн хувьд эрэгтэй бүжигчдийн дунд хамгийн хэцүүд тооцогддог техникийг маш сайн гүйцэтгэж, шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ. О.Анужин балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг 35 жилийн дараа ийнхүү үргэлжлүүлжээ. Одоогоос 35 жилийн өмнө Ардын жүжигчин, Зууны манлай бүжигчин Ю.Оюун 1981 онд Япон улсад болсон Олон улсын тэмцээнд амжилттай оролцож, 3 хүрэл медаль авсан түүхтэй.
Мөн манай хоёр бүжигчнийг Шанхайн олон улсын балетын уралдаанд оролцох урилга гардуулжээ.
Ж.Болор