“Азийн хүүхдүүд” наадмын 532 алтан медаль эздээ хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-05 09:11:01

ОХУ-ын Якут улсын Якутск хотноо өнөөдөр нээлтээ хийх олон улсын хүүхдийн “Дети Азии” ҮI спортын наадамд өсвөрийн тамирчид спортын 22 төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодруулна.

Энэ удаагийн наадамд Монгол Улсаас спортын 19 төрөлд 200 тамирчин, дасгалжуулагч, төлөөлөгчдийн хамт оролцож байгаа юм. Тус наадмын шилдэг өсвөрийн тамирчдад олгох 532 алт, 321 мөнгө, 423 хүрэл нийт 1276 медаль эздээ хүлээж байна. Алтан медаль хүртсэн тамирчдад гардуулах тус наадмын бэлгэдэл бүхий 330 энгэрийн тэмдэг бэлэн болжээ. Мөн уг наадмын дурсгалын 210 тэмдэг ч эзнээ хүлээж байгаа юм. Спортын төрөл тус бүрт түрүүлсэн тамирчин, багийн дасгалжуулагч нарт алтан медаль олгоно.

Медалийн загварыг захаараа дугуйрсан цагаан өнгийн нүхэн хэлбэртэй, нүүрэн талд нь Якут улсын бэлгэ тэмдэг болох Лена мөрний дагуух хадны зурагт дүрсэлсэн гартаа туг барьсан морьтон, очир алмааз, арслан заан, Ленскийн столбы байгалийн цэцэрлэгт хүрээлэнгийн хадны дүрслэл, якут хийцийн цайзны цамхаг дүрсэлж голд нь “Дети Азии” спортын наадмын логог байрлуулжээ.

Наадмын медалийн загварыг зохион бүтээх, үйлдвэрлэх ажилд гарсан 3 сая рублийн зардлыг тус наадмын ерөнхий ивээн тэтгэгч “Алроса” компани санхүүжүүлж медалийг Москва хотын "Диалог-Конверсия" пүүс үйлдвэрлэжээ. “Алроса” компани нь очир алмааз олборлолтын салбарт дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг бөгөөд дэлхийн 25 хувь, ОХУ-ын олборлолтын 95 хувийг гаргадаг байна.

Д.Өлзий

相关新闻