Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хошой медальтан боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-д Монголын тамирчин Т.Тулга мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Молдавын Дикон Василег 2:0-ээр, Болгарын Георгиев Илиевийг даралтаар цэвэр ялж, шигшээ наймд хүрсэн. Улмаар Гүржийн бөх, Европын АШТ-ий мөнгө, хүрэл медальт Акаки Кемертелидзег 11:0-ээр ялж, хагас шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга, Казахстаны Нуркожа Кайпановыг 5:2-оор буулган авснаар финалд шалгарсан юм. Тэгвэл шигшээ барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, ААШТ-ий мөнгө, хүрэл медальт, Японы Ёошиносүкэ Аоягид 5:1-ээр дийлдэн мөнгөн медалийн эзэн болов.
Ингэснээр Т.Тулга ДАШТ-ий мөнгө, хүрэл
медальтай болж байна. Энэ нь чөлөөтийн тамирчдын ДАШТ-ээс авсан Монголын 29 дэх
мөнгөн медаль юм. Эрэгтэй бөхчүүдээс хамгийн сүүлд гавьяат тамирчин П.Өнөрбат
2015 онд, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл 2022 оны ДАШТ-ээс мөнгөн медаль
хүртсэн билээ. Монголын
чөлөөтийнхөн ийнхүү ДАШТ-ээс 80 дахь медалиа авлаа.
Ташрамд дурдахад, өнөөдөр эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдана. Харин 74 кг-ын жинд Э.Төгсжаргал дагах барилдаан хийнэ.