“Smart Education” төслийн хүрээнд 40 хүүхдэд гар утас олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-30 10:09:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Мобиком корпораци болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Smart Education” төслийг орон даяар хэрэгжүүлж байгаа.

Уг төсөл нь тоног төхөөрөмжийн хүртээмжгүй байдлаас үүдэн олон хүүхэд боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа, хичээлийн хоцрогдол бий болох өндөр эрсдэлтэй өнөө үед хүүхэд бүрд тэгш боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Тус компаниас нэг сарын өмнө 4-7 дугаар ангийн сурагчдын дунд цар тахлын үеийн хичээл сурлага, үр нөлөөний талаар зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлажээ. Уралдаанд бүтээлээ ирүүлж шалгарсан 40 хүүхдэд өчигдөр Samsung Galaxy M12 гар утас олголоо.

Гар утсыг аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Мобиком компанийн Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал М.Мырзашөл нар гардуулж, хүүхдүүдэд амжилт хүсэв.

Төсөлд хамрагдсан сурагчид зөвхөн гар утастай болоод зогсохгүй VOO-гээс 1-12 ангийн теле хичээлийг жилийн турш үнэгүй үзэж, Академи дата багцаа ашиглан Zoom, Google classroom, Teams зэрэг цахим хичээл хийх сайтууд руу хязгааргүй хандах, ангийн багш, найзуудтайгаа хүссэнээрээ холбогдон хичээлээ саадгүй хийх боломжтой болж байна. 

相关新闻