Санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-06 15:23:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийн санал хураалтад ашиглах санал тоолох төхөөрөмжийн өгөгдөл дамжуулах туршилтыг СЕХ-ноос өнөөдөр хийлээ.


Сонгинохайрхан дүүргийн 59, Хэнтий аймгийн 89 хэсгийн хорооны нийт 212 санал тоолох төхөөрөмжөөс Сонгуулийн Ерөнхий хорооны төв серверт өгөгдөл дамжуулах уг туршилтын ажилд сонгуулийн хэсгийн хороодын бүрэлдэхүүнээс гадна нам, эвсэл, нэр дэвшигчдийн томилсон ажиглагчид оролцов.


Туршилтаар санал тоолох төхөөрөмжүүд хэсгийн хороо тус бүрд бүрэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад механик гэмтэл авсан эсэхийг шалгасан. Мөн төхөөрөмжийн саналын хуудас унших, үр дүнгийн тайлан хэвлэх, өгөгдөл дамжуулах ажиллагаа хэвийн байгаа эсэхийг болон үр дүн дамжуулж буй сүлжээний найдвартай байдлыг туршсан. Энэ нь сонгуулийн үеэр ажиллах мэдээллийн технологийн даамалд санал авах өдрөөс өмнө санал тоолох төхөөрөмжтэй ажиллах дадлага болдгоороо давуу талтай аж.


Монгол Улс 2012 оны УИХ-ын сонгуулиас  эхлэн сонгогчийн санал авах ажиллагааг автоматжуулсан системээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд санал тоолох төхөөрөмжийн дүн, гар аргаар тоолсон дүнгээс зөрсөн тохиолдол байгаагүй юм. Энэ удаагийн нөхөн сонгуулиар 100 хувь буюу бүх хэсгийн хороодод саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжийн дүнтэй тулгаж, хяналтын тооллого хийх юм.


Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм.


Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.


Дээрх хоёр тойрогт 8 нам, 1 эвслийн 14 нэр дэвшигч, хоёр бие даан нэр дэвшигч бүртгүүлэн сурталчилгаагаа эхлүүлсэн юм. Санал хураалт энэ сарын 10-нд болно.

相关新闻