НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-03 11:59:05

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй энэ сарын 1-нд албан ёсны хэлэлцээ хийсэн талаар Гадаад харилцааны яам мэдээлэв.


Албан ёсны хэлэлцээрийн үеэр талууд Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа харилцан итгэлцэл, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эрчимтэй хөгжиж буйг онцолж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлж, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, ногоон технологи, байгаль орчин, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, бүс нутгийн болон олон улсын харилцааны зарим асуудлаар байр сууриа танилцуулж, санал солилцов.


Мөн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын хүрээнд Хельсинкийн зарчим, амлалтуудыг дагаж мөрдөхийн чухлыг онцлон тэмдэглэж, энэ чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхээр санал нэгдэв. Албан ёсны хэлэлцээний дүнд хоёр улсын Гадаад харилцааны сайд нар Хамтарсан мэдэгдэл гаргав.


相关新闻