Н.Төгсцогт энэ сарын 15-нд мэргэжлийн боксын тулаанаа хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх 6 дахь тулаанаа энэ сарын 15-нд АНУ-ын Миссиссиппи мужийн Туника хотын Horseshoe Tunica Hotel & Casino-д хийхээр товложээ.
Тэрбээр 17-хон настайдаа дэлхийд үзүүрлэж, 2012 оны Лондонгийн олимпоос алтан медалиас чухам л шүүрээд алдсан билээ. Н.Төгсцогт өнгөрсөн жилээс мэргэжлийн бокст хүчээ сорьж мэргэжлийн рингэнд “KING TUG” нэрээр гарч ирсэн энэ хугацаанд таван тулаан хийж, бүгдэд нь өрсөлдөгчөө КО буюу нокаутаар ялсан. Харин энэ удаа анхныхаа 10 раундын тулааныг хийх юм.
“Таван цагариг”-сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин “Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь DYNAMITE хочит Рафаэль Васкес. Эдүгээ 38 настай, Пуэрто Рикод төрж, Нью Йоркийн Брүүклинд өссөн тэрбээр бас л “Хатуу самар”-ын нэг . Мэргэжлийн боксын рингэнд 18 тулаан хийхдээ 16 удаа ялсан, үүнээс 13-ыг нь нокаутаар ялсан бөгөөд хоёр ялагдахдаа оноогоор ялагдсан, унаа холтой боксер. Төгсцогтын энэ удаагийн тулааныг алдарт ESPN , ESPN Deportes суваг ТВ-ээр 2016 оны долдугаар сарын 15-ны орой Америкийн зүүн бүсийн цагаар 9.00 цагаас шууд дамжуулан үзүүлэх юм. Дэлхийн спортын лидер сувгуудын нэгээр тулаан нь гарна гэдэг бас л нэр хүндийн хэрэг. Түүгээр ч зогсохгүй Н.Төгсцогтоос хэдхэн хоногийн өмнө ESPN –ийн боксын нэрт тоймч, нийтлэлч Дэн Рафаэль хагас цаг орчим хугацаатай утсаар холбогдож, ярилцлага авсан юм” хэмээн онцолж байв.
Д.Өлзий