Д.Бадамцэцэг: Охид та бүхнийг сонсох байгууллага байдаг юм шүү
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн дарга Д. Бадамцэцэгтэй ярилцлаа.
-Олон улсын Охидын эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Төв аймгийн хувьд энэ өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон улсын Охидын өдөр болгон тунхагласан байдаг. Энэхүү өдрийг дэлхийн 193 оронд “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа.
Энэ өдрийн зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог. Иймд бид жил бүр охидыг сонсох, ярилцах, тэдэнд зориулсан лекц, сургалтууд, болон чуулганыг зохион байгуулсаар ирсэн.
Өнгөрсөн жилийн хувьд бид Олон улсын охидын өдрийг угтаж "Охидоо сонсъё" өдөрлөгийг Зуунмод сумын 5 сургуулийн төлөөлөл охидыг оролцуулан зохион байгуулсан. Өдөрлөгөөр "Андра академи"-ийн үүсгэн байгуулагч, топ модель, Монголын мисс цолыг зэрэг эзэмшигч, бизнес тренер Х.Бадамгэрэл "Өөрчлөлтийн хүч" илтгэлийг тавьсан.
Мөн тус өдөрлөгийн үеэр гарч байсан асуудлуудыг шийдвэрлэж чадсан. Жишээлбэл, Биеийн тамирын хичээл орох үед тусгай хувцас солих өрөө байдаггүй, тэр нь үеийн хөвгүүдийнхээ дэргэд зааланд юмуу коридорт солих асуудлууд үүсдэг, мөн ариун цэврийн өрөөний хувьд ихэнхдээ цоож эвдэрхий байдаг мөн цонхны хаалт байдаггүй учраас эсрэг жигүүрээс хэн нэгэн харах магадлал өндөр гэх зэрэг асуудлуудыг ирүүлж, улсын байцаагчийн албан шаардлагыг сургуулиудад хүргүүлж шийдэлд хүрч чадсан.
-Энэ жилийн хувьд тус өдрийн хүрээнд ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Төв аймгийн хувьд "Охидоо сонсъё" үйл ажиллагааг зохион байгуулж байна. ГБХЗХГ, Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран Өсвөр насны охид, хөвгүүдэд тулгамдаж байгаа асуудал, санал, гомдол, мэдээлэл хүлээн авах нээлттэй утас ажиллуулж, тэдэнд тусламж, дэмжлэг хүргэж байна. Өсвөр насныхан нөхөн үржихүйн асуудлуудыг ярилцахдаа тийм ч нээлттэй байдаггүй. Иймд бид сонсож, ярилцаж, сэтгэлзүйн дэмжлэг болон хуулийн мэдлэг олгохоор мэргэжлийн байгуулагуудтай хамтран ажиллаж, эдгээр ажилтнуудтай утсаар холбогдож асуудлаа шийдэх боломжийг бүрдүүлж байна. Мөн дотуур байранд нэргүй санал асуулга авч байгаа. Үүнээс гарсан асуудлуудыг бид мэргэжлийн байгууллагатай хамтран албан шаардлага хүргүүлж шийдэх тал дээр нь анхаарч ажиллаж байна.
-Аймгийн хэмжээнд хэдэн охид байдаг вэ? Тэдгээр охидын эрх зөрчигдөж байгаа нийтлэг алдаа юу вэ?
-Аймгийн хэмжээнд 18 хүртэлх насны 32835 хүүхэд байдаг. Үүнээс 16000 гаруй нь охид. Эдгээр насны хүүхдүүдэд тулгамддаг асуудлын нэг бол хүүхдийн мөнгө олголт байдаг. Хүүхдийн мөнгө эзэндээ очихгүй байдгаас хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөж байна. Дараагийн асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл. Хүүхэд өөрөө хохирогч эсвэл гэрч болох тохиолдолд сэтгэлзүйн маш том цохилт болсоор байна. Бэлгийн хүчирхийлэлд охин хүүхэд өртөх магадлал тун өндөр бөгөөд энэ чиглэлээр аймгийн хэмжээнд гарсан тохиолдлууд байгаа. Бид эдгээр асуудлыг тухай бүрд нь хуулийн байгууллагуудтай хамтран шийдэж байна.
-Хүчирхийллийг гарахаас өмнө урьдчилан сэргийлж ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
-Хүүхдийн эрхийг хаана хэнийд хэзээ зөрчих вэ? гэсэн тандалтын судалгааг цагдаагийн газраас хэсгийн ахлагч нартай хамтран гаргасан. Мөн хамтарсан багууд энэ чиглэлээр судалгаа хийсэн бөгөөд архины хамааралтай, эсвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж болзошгүй охин хүүхэдтэй гэр бүлүүдэд нөлөөллийн ажлуудыг хийсээр байна
-Охидод байгууллагынхаа тухай мэдээлэл өгвөл?
-Охидод зөвлөгөө өгдөг, тэдэнд туслахад бэлэн, хандах газар гэж байдаг шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. 7027-2484 дугаар охидод үргэлж нээлттэй байгаа. Охид та бүхнийг сонсох байгууллага байдаг юм шүү. Хүн бүр үр хүүхдүүдээ хайрлан хамгаалж, ирээдүйгээ бүтээцгээе гэж хэлмээр байна.