Уран бүтээлчдэд талархал хадгалуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-18 10:48:05

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг угтан үйл ажиллагаа, ном товхимол, сонин сэтгүүл, зурагт хуудас, сурталчилгааны бэлгэ тэмдэгт ашиглах зорилгоор лого бүтээх уралдааныг аймгийн ЗДТГ-аас нээлттэй зарласан. Мөн ойн дурсгалын тэмдэг, хотын видео танилцуулга бэлтгэх уралдааныг зарласан билээ. Уг уралдаанд бүтээлээ ирүүлсэн уран бүтээлчдийг хотын ойн өдөр аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Дархан хотын 60 жилийн ойн логоны уралдаанд нийт 25 загвар ирснээс Дархан сумын наймдугаар багийн иргэн В.Отгонбатын бүтээл шалгарсан байна. Харин дурсгалын тэмдгийн загварыг Дархан сумын 14 дүгээр багийн иргэн Б.Урантуяа бүтээжээ. Харин Дархан хотын тухай видео танилцуулгад дөрвөн бүтээл ирснээс "Мон продакшн студийн найруулагч Д.Баттөмөрийн ирүүлсэн видео шалгарч ийнхүү аймгийн удирдлагуудаас талархал хүлээн авлаа.

Мөн үеэр МСНЭ-ийн гишүүн, “Мон продакшн студийн найруулагч Д.Баттөмөр нь Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаалаа.  Д.Баттөмөр нь хэвлэл мэдээлэл, телевизийн салбарт 15 орчим жил ажиллаж буй туршлагатай найруулагч, зураглаач юм.

 

相关新闻