Олны сэтгэлд хүрсэн дуунуудыг жааз найруулгаар тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Их талын жааз” олон улсын наадам энэ жил 10 дахь удаагаа энэ сарын 12-14-нд болно.
Энэ удаагийн тоглолтод Турк улсаас анх удаа алдарт гитарчин Өндэр Фожан тэргүүтэй хамтлаг, ОХУ-аас төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Юлия Перминова, саксафонч, хөгжмийн зохиолч Павел Скорняков, ХБНГУ-аас басс гитарчин Мартин Зинкер болон Япон улсаас “Хача” хамтлаг хүрэлцэн ирэх бол манай улсаас Улсын филармонийн дэргэдэх “Баян Монгол” жазз найрал хөгжим, “Пауз” хамтлаг болон дуучин Э.Хишгээ нар оролцоно.
“Их талын жааз” ТББ-ын тэргүүн Н.Ганбат хэлэхдээ, “Наадмын үеэр тоглолтоос гадна гадны мэргэжлийн уран бүтээлчид манай хөгжимчдөд сургалт, асрамжийн газруудад жааз хөгжмийн онол болон хэрхэн уран сэтгэмж гаргаж тоглох талаар нээлттэй хичээл явуулдаг. Энэ жил өнчин хүүхдийн асрах газарт хоёр удаагийн сургалт, ЦДБЭЧ-ын хамт олонд нээлттэй хичээл орно. Наадмын үеэр монголчуудын хүртээл болсон, хүн бүхний мэддэг дуунуудыг жааз найруулгад оруулан тоглоно” гэв.
Наадмын эхний өдөр Цэрэндоржийн гудамжинд олон нийтэд хандсан тоглолт, дараагийн өдөр “UB JAZZ” клубт буюу хуучнаар “Брахаус” рестораны байранд нээлтийн тоглолт болно. Сүүлийн өдөр буюу энэ сарын 14-ний өдрийн 20-23 цагийн хооронд Чингисийн талбайд “Жааз свинг найт” тоглолтыг тус тус үнэ төлбөргүй олон нийтэд толилуулах юм.
Ж.Болор