Дорноговийн ИТХ-ын даргаар С.Түмэнбаяр сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-07 18:02:09

2016 оны Дорноговь аймгийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх анхдугаар хуралдаан долдугаар сарын 07-нд Сайншанд хотод боллоо.

Энэхүү хуралдаанаар тус аймгийн ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, аймгийн ИТХ-ын даргыг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлж Ерөнхий сайдад уламжлах зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Тус аймгийн ИТХ-ын 31 мандатын 29-ийг МАН, 1 суудлыг АН, бие даагч тус бүр нэг суудал авсан билээ. Хуулийн дагуу ИТХ-д олонхи болсон МАН-аас ИТХ-ын даргад төлөөлөгч С.Түмэнбаярын нэрийг дэвшүүлэхэд төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгож баталгаажууллаа.

С.Түмэнбаяр нь МАН-аас аймгийн ИТХ-д д 3 удаа сонгогдсон, туршлагатай төлөөлөгч бөгөөд 2012-2016 онд  ИТХ-ын  МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан аж. Харин өмнөх дарга  Г.Ганбаатар ИТХ-ын даргаар найман жил ажилласан байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻