Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн 25 жилийн ойн марк хамгийн олон хувиар гарч байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс үндэсний мөнгөн тэмдэгтээ гүйлгээнд гаргахаас ч өмнө марк гаргаж байсан нь монгол маркийн үнэ цэн, зузаан түүхийн нэгэн гэрч болдог билээ. Манай улс “Элдэв-Очир” нэртэй анхны маркийг 1924 онд хэвлэн гаргаснаас хойш өнөөг хүртэл 1082 сэдвийн хүрээнд 4000 гаруй марк гаргаад байна.
1924-1957 оны үед шуудангийн маркийг ЗХУ-д захиалгаар хэвлүүлж зарим маркийг дотооддоо хэвлэн гаргах оролдлогыг хийж байжээ. Харин 1958-1983 онд монгол шуудангийн маркийн өнгө үзэмж, чанар эрс дээшилсэн гэж үздэг бөгөөд тусгай гэрээний дагуу Унгар, ЗХУ, Хятад, Америк, Япон, Англи, Франц, Герман улсад захиалан үйлдвэрлэж ирсэн юм.
Монгол зураг өнгөний ялгарал их байдаг лугаа адил монгол маркийн гол онцлог нь өнгөний ялгарал байдаг. Түүнчлэн үндэсний хээ угалзаар их чимэглэгдсэн байдаг. Үүгээрээ дэлхийн 200 гаруй орны маркаас ялгагддаг аж.
Тиймээс монгол марк чанараараа дэлхийд өрсөлдөж олон улсын уралдаан тэмцээнүүдээс шилдэг марк, шилдэг хэвлэлийн шагнал удаа дараа хүртэж байлаа. Өдгөө дэлхийн шуудан холбооны гишүүн 200-гаад оронд манай улсын шинэ марк бүр хүрч байна.
Монгол маркийн санд Монгол, Зөвлөлтийн харилцааны сэдэвт марк нэр төрөл, тоо хэмжээгээрээ онцгой байр суурь эзэлдэг. Тийм учраас энэ удаад хоёр улсын найрамдалт харилцааны түүхэн том үйл явдлуудын ойгоор гаргасан болон хамгийн олон, хамгийн онцлог байдалтай хэвлэгдсэн маркуудыг нэрлэж байна.
Тухайлбал, Монгол Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн 25 жилийн ойд зориулан гаргасан марк 1300 000 хэвлэгдсэнээрээ Монгол, Оросын сэдэвт марк дотор хамгийн их хувиар хэвлэгдсэнд тооцогддог. Ер нь монгол марк хамгийн олон нь 3 сая ширхгээр хэвлэгдэж байжээ.
Түүнчлэн Халх голын ялалтын 20, 30 жилийн ой маркууд нь өдгөө хамгийн ховорт тооцогдож буй бөгөөд өдгөө энэ марк 1-2 цуглуулагчид л үлдсэн байдаг аж. Харин 2019 онд "Эрдэнэт" үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан 22 каратын алтан ялтсан дээр тусгай хэвээр шахаж гаргасан маркийг хамгийн үнэтэй маркаар нэрлэж болох юм. “ЗСБНХУ-БНМАУ-ын сансрын хамтарсан нислэг 40 жил” сэдэвт марк нь Монголын анхны дугуй хэлбэрийн блок марк болжээ.
Эдүгээ шуудангийн марк нь шуудангийн төлбөрийн хэрэгсэл болох-үнэт цаасны үндсэн үүрэг гүйцэтгэхийн зэрэгцээ тухайн улс орны тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, урлагийн бүтээл, соёлын үнэт өв хөрөнгө, түүхийн хөгжлийн баримт, улс эх орныхоо урлаг соёл, шашин, угсаатны зүй, бэлгэдэл, ёс заншил, түүхэн үйл явдал, байгаль, ан амьтан зэргийг танилцуулах сурталчилгааны хүчирхэг хэрэгсэл болж байна. Түүнчлэн маркийг судалгаа, сургалт, танин мэдэхүйн чиглэлээр өргөн ашигладаг аж.
Ташрамд сонирхуулахад, социалист орнууд болон дэлхийн зарим улсад Сталины зурагтай марк олон гаргасан байдаг. Гэтэл манайх ганц ч марк гаргаагүй байснаа 2000 онд дэлхийн 10 гол үйл явдлын сэдвээр марк гаргахдаа гурван улсын хэлэлцээрт орсноор Сталины зураг анх удаа гарсан нь мөн л монгол маркийн түүхэн дэх нэгэн сонин баримт байдаг аж.
Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн 25 жилийн ойд зориулан гаргасан марк 1976 оны 10 дугаар сарын 15-нд гүйлгээнд гарчээ. Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг 1947 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үүсэн байгуулагдсан. Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдалд зориулан хоёр орны төрийн далбаа, 1949 онд ашиглалтад орсон Москва-Улаанбаатарын хоорондох найрамдлын төмөр замыг харуулжээ. Энэхүү марк хамгийн олон буюу нийт 1 300 000 хувь хэвлэгджээ.
Дээр өгүүлсэнчлэн өдгөө нэн ховордоод байгаа Халх голын ялалтын 20 жилийн маркийг 1959 оны 9 дүгээр 15-нд гаргажээ. 1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы эзлэн түрэмгийлэгчид Монгол Улсын зүүн хязгаараар халдан довтолсноор Халхын голын байлдаан эхэлсэн түүхтэй. Халх голын энэ байлдаан дөрвөн үе шаттай явагдаж, 1939 оны 8 дугаар сарын 20-31-нд Зөвлөлт-Монголын арми мөр зэрэгцэн шийдвэрлэх цохилтыг өгч ялалт байгуулан БНМАУ-ын тусгаар тогтнолыг хамгаалсан юм.
Мөн л ховор маркийн нэгд тооцогдож буй Халх голын ялалтын 30 жилийн ойн маркийг 1969 оны 9 дүгээр сарын 20-нд гаргажээ. Монгол Улс, ЗХУ-ын баатрын тэмдэг, Халх голын ялалтын тэмдгийг энэхүү марканд тусгажээ. Энэ мэтчилэн Халх голд байгуулсан түүхэн ялалтын 40, 50, 60, 75 жилээр марк гаргаж байв.
Халхын голын ялалтын 80 жилийн ойд зориуласан маркийг 2019 оны 9 дүгээр сарын 2-нд гаргажээ. Энэхүү марканд “БНМАУ-ын баатар зоригт улаан цэргийн Их жанжин туг”, ЗХУ-ын туг, Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгосон хамгийн том “Ялалт хөшөө”, Монгол дайчдын хөшөө, Зөвлөлтийн нисэх хорооны сөнөөгч “И-16” онгоц, байлдааны “БТ-5” танк, “БА-20” хуягт машин, дуран хараатай винтов буу барьсан ЗХУ-ын цэрэг домогт Ремизовын өндөрлөг, Монгол-Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн хатан зоригтойгоор урагш давшиж буй байдлаар зохиомжилжээ. Маркийн купоны хэсэгт Ялалтын тэмдэг, хөшөө, бичвэрийн хамт, хуудасны чимэглэлд Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалж буй Монгол Улсын цэргийн дээд цол “Маршалын мөрдөс”, бүх цэргийн оройн сүлд “Жанжин туг”-ны зэв, дархан хил дээр босгож байсан Манж-го улсын үеийн оршин тогтнож байх үеийн боржин чулуун хилийн багана, БНМАУ-ын баатар Ц.Олзвойн хэрэглэж байсан пулемёт-ДП, анхны өдрийн дугтуйнд Маршал сэлэм, халхын голын байлдааны ерөнхий давшилтын газрын зураг зэргийг оруулснаараа баялаг өгүүлэмжтэй марк болжээ.
Аугаа эх орны дайнд ялсны 70 жилийн ойн маркийг 2015 оны 5 дугаар сарын 4-нд гаргажээ. Тус маркийн зурган дээр “Рэйхстаг дээр мандуулсан туг” хэмээх алдарт гэрэл зургийн хэсэг, ОХУ-ын Москва хотын Улаан талбай дахь “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан хөшөө”, “Эх орны дайны одон” зэргийг дүрслэн харуулжээ. Харин маркийн голд байрлах хуудасны купонд Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль, Монгол ард түмний төлөөлөгчид Зөвлөлтийн дайчдад бэлэг гардуулсан үйл явцыг харуулсан бөгөөд түүний голд нь “Хүрэл цэрэг” хөшөө байрлаж байна.
Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн ойн маркийг 1981 оны 3 дугаар сарын 22-нд гаргажээ. Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч В.Жанибеков нар 1981 оны 3 дугаар сарын 22-нд “Союз-39” хөлгөөр нисэж, сансрын “Салют-6” станцад шинжлэх ухааны олон арван туршилт хийсэн юм.
Сансрын хамтарсан нислэгийн 20 жил /2001.3.22/ “Интеркосмос” хөтөлбөрийн дагуу “Союз-39” хөлгөөр 1981 оны 3 дугаар сарын 22-30-нд ниссэн Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 20 жилийн ойд зориулан гаргасан байна.
Октябрийн хувьсгалын 50 жил /1967.10.25/ Хүн төрөлхтний түүхэнд өнө мөнхийн аугаа их ач холбогдолтой ялгуусан хувьсгал 1917 оны 11 дүгээр сарын 7-нд орос оронд ялан мандаж дэлхийг капиталист, социалист хоёр системд хувааж хүн төрөлхтний өмнө хөгжлийн хоёр өөр замыг тавьсан юм. Октябрийн хувьсгалын шууд нөлөөн дор 1921 онд Монгол оронд ардын ардчилсан хувьсгал ялсан түүхтэй. Октябрийн социалист их хувьсгалын 50 жилийн ойд зориулан Монгол Зөвлөлтийн ард түмний эв нэгдлийг харуулжээ.
ЗСБНХУ-ын 50 жил /1972.10.20/ 1922 оны 12 дугаар сард Зөвлөлтийн анхдугаар хурлаар Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс байгуулагдсаныг зарлан тунхагласан. ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд холбооны 15 улс ордог бөгөөд тэдгээрийн далбаагаар купон хийсэн байна.
ЗХУ-ын удирдагчийн айлчлал /1974.11.26/ 1974 оны 11 дүгээр сард ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Л.И.Брежнев тэргүүтэй ЗХУ-ын нам, засгийн төлөөлөгчид Монголд албан ёсны найрсаг айлчлал хийсэн.
Түүхэн айлчлал /2014.9.3/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монгол Улсад хийсэн түүхэн айлчлалын сэдэвт марк шуудангийн гүйлгээнд гарсан байна.
Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 40 жилийн марк 1987.5.26-нд гарчээ. Уг марканд үндэсний хувцастай орос, монгол эмэгтэйг харуулжээ.
Эрдэнэт 40 жилийн ойн марк 2019 оны 2 дугаар сарын 20-нд гарчээ. Энэхүү марк нь 22 каратын алтан ялтсан дээр тусгай хэвээр шахаж, офсет хэвлэлийн технологийг хослуулж хийсэн гэдгээрээ онцлогтой. Уг марканд уурхайчин залуу, “Эрдэнэт”-ийн овооны орд газар, белаз машиныг алтан ялтсан дээр, блокны чимэглэлд “Эрдэнэт” хотын бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Сүхбаатарын одон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төв байр, анхны баяжмал, 40 жилийн ойн лого, “Найрамдлын өндөрлөг” дурсгалт хөшөө, белаз машины жолооч, уурхайчдыг дүрслэн харуулжээ.
“Эрдэнэт“ нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар баялаг орд бөгөөд анх 1973 онд Монгол, Зөвлөлтийн Засгийн газар хэлэлцэж, Эрдэнэт овоог ашиглах гэрээнд гарын үсэг зурж, 1978 онд анхны баяжмалыг олборлон экспортлож байсан түүхтэй.