Монгол авдарт хадгалагдах монголчуудын өв соёл

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136 @gmail.com
2025-07-31 11:11:51

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нүүдлийн соёл гэдэг монгол түмэн бидний бусдаас ялгарах өвөрмөц өнгө билээ. Тэртээ олон зууны өмнөх нүүдэлчдийн арвин түүх одоо ч авдранд хадгалагдсаар л байна. Хүннү дээдсийн нэрийг цуурайтуулах монголчуудтай хамт хээрийн салхинд гундалгүй, нүүдлийн тоосонд дарагдалгүй өнөөд ирсэн авдар монгол түмний соёлыг ямар байдлаар хадгалж ирэв?


“Монгол авдар” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд 2025 оны 7-р сарын 7-29-нийг хүртэл дэлгэсэн юм. Тус үзэсгэлэнд монголчуудын XX зуунд эдэлж хэрэглэж байсан, өөр өөрийн “онцгой түүх”-тэй сонин содон авдрууд байлаа. Жанжин Д.Сүхбаатарын алтан боронзон авдар, дээлийг нугалалгүй дэлгэн хийх урт авдар гэх мэт өндөр дээд өвгөдийн ухаанаар бүтсэн авдруудын уран хийц, хээ угалз нь хүртэл домог түүх өгүүлэх ажээ.




Гадаах ертөнцийн сэвшээ салхинд илбүүлж, илч гэрлээ бадраах тулганы галд ариутгагдсаар ирсэн авдар бүр өөр өөрийн зориулалттай. Судар номын шогол, хорлын ба дамрын авдар, даллагын сав, дархны багажийн авдар, үхэг авдар гэх мэт.

Авдрын хээ угалзад нүүдэлчин ардын гүн ухаан шингэсэн байдаг. Тухайлбал, арслан хээг хамгаалагч гэдэг бэлгэдлээр зөвхөн авдрын нүүрэнд зурдаг бол бадамлянхуа цэцгийг ариун нандин гэх утгаар бурхан тахилын эд зүйлд дээдэлж оруулдаг байна.




Ирээдүй рүү хөтөлж буй мэт үргэлжлэх хээ угалзад эцэс төгсгөл гэж үгүй. Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүйд ч бидний өв соёл, уламжлал тасралтгүй үүрд үргэлжлэхийн бэлгэдэл юм. Үүнтэй адил үзэсгэлэнд байрласан авдар бүр онцгой содон хээ угалзтай байлаа. Хээ угалзыг эр, эм гэж ангилахаас гадна бүгд монгол ардын аж ахуйгаас үүджээ.


Алхан хээ гэхэд унага, тугалын зэлийн чагт дахь "Т" үсгийн сүүдрийг зөрүүлэн зурахад гарч ирэх дүрслэл ажээ.


Алхан хээ нь мөнхийн хөдөлгөөнтэй, тавигдахгүй, алдагдахгүй гэсэн бэлгэдлийг агуулдаг бол уяа зангилаанаас үүссэн өлзий хээ нь эд баялаг, баяр баясал, урт удаан амьдрахыг бэлгэддэг байна. Өлзий хээг тийм ч амархан тайлж чадахгүй. Үүнээс гадна түмэн наст хээ нь төгсгөлгүй, мөнхийн үргэлжлэх, үүрдийн хэмээх бэлгэдэлтэй юм.




Авдарт дүрслэх амьтдын хувьд арслан хосоороо, өөд өөдөөсөө харсан байдаг. Энэ нь тухайн айлын эд баялгийг манаж, гэрийн баруун зүүн талаар муу муухай зүйл оруулахгүй гэсэн утга бэлгэдэлтэй. Эвтэй дөрвөн амьтан гэхэд эв найрамдал, айл гэрийн аз жаргалыг илэрхийлдэг. Аливаа зүйл үргэлж хосоороо шүү дээ. Тийм учраас айл гэрт салгуу нэг авдар тавихыг цээрлэх нь бий. Буян хишиг хураагч авдрыг оюун бодол, овсгой самбааг шингээн онцгойлон урласан монгол цоожоор цоожлон, хамгаалдаг ажээ.





Түүнчлэн хээ бүр таван өнгийн бэлгэдэлтэй. Улаан нь мөнхөд дүрэлзэх гал, цэнхэр нь уудам үргэлжлэх тэнгэр, цагаан нь ариун сүү, ногоон нь газар эх, шар нь мандах алтан нарыг илэрхийлнэ.

Хуш, нарс, зандан, гацуур, хар мод ашиглан хийсэн авдар нь бат бөхөөс гадна  хадаас ашиглалгүй углуургадаж хийдэг тул он цагийн хэлхээнд олон жилийн эдэлгээ даадаг байна. Авдар бол айл гэрийн эрхэм нандин бүхнийг хадгалагч учир нүүдэллэхдээ гэрийн тоононы хамтаар тэмээнд ачаалан нүүдэг. Ийнхүү гадна доторгүй монгол ухаан шингэсэн, ганган хээнцэр авдарт монголчуудын ураг удмын хэлхээ, үүх түүхийн эх, он цагийн эхлэл ч хадгалагдсаар авай.


Авдар дотор эрдэнэ ч бий, ахин дурсах түүх ч бий.


Мэдээг бэлтгэсэн Т.Хулан







相关新闻