Давхардсан тоогоор 1500 хүн үзлэгт хамрагдаж, 7 иргэнд хагалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-10-29 14:34:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Юнител групп хамтран “Эрүүл байя” эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, оношилгоог энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа. Зүрх судас, бүдүүн шулуун гэдэс, мэдрэл, уушги, дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч нар 45-аас дээш насны иргэдэд үзлэг оношилгоо хийсэн аж.

Товлосон өдрүүдэд 500 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр эмч нар төлөвлөсөн ч хоёр өдрийн байдлаар давхардсан тоогоор 1500 гаруй удаагийн үзлэг хийжээ. Эмч нарын баг зөвхөн үзлэг оношилгоо хийхээс гадна шулуун гэдэсний өвчлөл, ходоодны шарх сэдэрсэн, цоорсон, нарийн гэдэс нь цоорсон зэрэг өвчний хүндрэл өгсөн долоон иргэнд  яаралтай хагалгаа хийсэн байна.

Цар тахлын үед архаг суурь өвчтэй, ахимаг насны иргэд ковидын халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр байгаа тул эмч нар ийнхүү нас заан зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Иргэдийн дунд элэгний хатуурал, чихрийн шижин, хотжилт, хөдөлгөөний дутагдалтай холбоотой цагаан мах эргэх өвчин зонхилж байгааг эмч нар онцолж байлаа. Мөн ковидын дараах хам шинж арилаагүй хүмүүс ч байгааг хэллээ.

Эмч нарын багийнхан тус аймагт ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлгийн эмч нарт ковидын дараах хам шинжийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө сэдвээр сургалт мөн хийсэн. Цар тахлын энэ үед биеийн ерөнхий дархлаагаа дэмжин, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, вакцины гуравдугаар тунд хамрагдаж аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийг эмч нар иргэдэд зөвлөж байна.

 

相关新闻