“Учиртай гурван толгой” дуурьт зориулж Чингисийн талбайд 9000 суудал зэхнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДЭТ болон Нийслэлийн Соёл Урлагийн Газраас /НСУГ/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд задгай талбайд хоёр дахь жилдээ зохион байгуулах "Учиртай гурван толгой" дуурийн талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийв.
Эл уран бүтээл нь 2419 дахь удаагаа олон нийтэд хүртээл болох гэж буй юм.
Гол дүрийн сонгон шалгаруулалтад 16 хүн өрсөлдсөнөөс Юндэнд МУСТА, УДБЭТ-ын годлол дуучин Э.Бумхүү , Нансалмаад Б.Энхнаран, Хоролмаад МУГЖ Ө.Уянга, Балганд С.Бат-Эрдэнэ тоглохоор шалгарсан юм. Чингисийн талбайд болох уг тоглолтод 300 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм.
Дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, гадаа талбай дахь тоглолтын найруулагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ, ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар, туслах найруулагчаар УГЗ Е.Сарантуяа, Б.Цэрэндаваа, ерөнхий продюссерээр УДБЭТ-ын ерөнхий захирал Ч.Мөнхзул, продюссерээр НСУГ-ын дарга Б.Батцэнгэл нар тус тус ажиллаж байна.
НСУГ-ын дарга Б.Батцэнгэл хэлэхдээ, "Энэ дуурийг БХЯ, “On off” продакшн, “Led” ХХК хамтран зохион байгуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн жил 5000 хүний суудал зассан бол энэ жилийн хувьд 9000 хүний суудал засахаар бэлдсэн. Хотын иргэд соёлтой үзэгч болж төлөвшсөн байх ёстой. Хэдийгээр үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа ч гэсэн үзэгчид билетээ авч, суудлын дагуу суух, цагтаа ирэх гэсэн театрын соёлыг ойлгох хэрэгтэй. Мөн үзэгчдийг үндэсний хувцастайгаа ирэхийг уриалж байна” гэв.
Энэхүү дуурь энэ сарын 10-ны орой 21.30 цагт Чингисийн талбайд үзэгчдийн хүртээл болно.
Ж.Болор