“Дорнод хээрийн төсөл” 3 аймгийн 9 суманд хэрэгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/, Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-тай хамтран 2021-2026 онд “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл /Дорнод хээрийн төсөл/-ийг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 9 суманд хэрэгжүүлж байна.
Төслийн 1 дүгээр
бүрэлдэхүүн хэсэгт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /ГЗБГЗЗГ/-ын
удирдлага дор газрын доройтол, биологийн олон янз байдал, уур амьсгалын
өөрчлөлтийг харгалзан шинэчилсэн арга зүйг боловсруулжээ.
Тодруулбал, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Хэнтий аймгийн Баян-Адрага, Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган, Матад, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Түмэнцогт сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг төслөөс болон аймгийн төсвөөс хамтран санхүүжүүлнэ.
Улмаар газар зохион
байгуулалтын цогц төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, мониторинг хийхэд
салбар дундын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тогтвортой газар
ашиглалтыг сайжруулахад чиглэсэн бодлогын шинэчлэлийг дэмжих юм байна.