Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.
Энэ онд
Оросын суут зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ой тохиож байна.
Дэлхийн олон орны уншигчид түүний мэндэлсэн өдрийг тэмдэглэхээр зэхэж буй юм.
Их зохиолчийн мэндэлсэн өдөр энэ сарын 11-нд тохиох бөгөөд монголд ч басхүү шинээр нээгдсэн “Орфей” театрын зүгээс “Гэм зэм” романыг нь жүжиг болгон
үзэгчдэд хүргэхээр болсон билээ.
Мөн Ф.М.Достоевскийн
мэндэлсэн өдрийг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д “Соён
гэгээрлийн өдөрлөг” зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөгийн хүрээнд Ф.М.Достоевскийн
романуудад агуулагдах философи, буддист гүн ухааны үзэл, психоанализийн талаарх
судалгааг толилуулахаас гадна хэрхэн жүжиг, кино болгосон зэрэгт судлаачид
хариулт өгөх юм.
Түүнчлэн
тус өдөрлөгийн хүрээнд Хомэрийн “Илиада”, “Одисэй” туулийг монгол хэлнээ яруу
сайхан дуун хөрвүүлсэн Д.Цахилгаан гуайн шинээр орчуулсан Ф.М.Достоевскийн “Мөрийчин”
романы нээлт болно. Үүнээс гадна их зохиолчийн тухай уран зургийн үзэсгэлэн
дэлгэгдэж, “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчид уг цогц арга хэмжээнд оролцох юм.
Дашрамд дурдахад “Мөрийчин” романыг “Монсудар” хэвлэлийн газар эрхлэн
хэвлүүлжээ.
Ф.М.Достоевскийг уншдаг, түүний зохиол бүтээлд шимтдэг хэн бүхэнд “Соён гэгээрлийн өдөрлөг”-ийн үүд хаалга нээлттэй.