Өндөр гэгээний бүтээсэн Дара эхийн шүтээн урлалуудыг чуулбар болгон анх удаа толилуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал 21 Дара эх Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд заларлаа.
Соёлын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт өв - цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн Дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн чуулбар болгож анх удаа толилуулж буй юм.
“Хорин нэгэн Дара эхийн чуулган” тусгай үзэсгэлэнгийн нээлтэд оролцож Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, “Өндөр гэгээн Занабазарын мутрын урлалууд Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей зэрэг томоохон музей, Гандантэгчэнлин хийд, Шанхын хийд зэрэг шашны төвд эх төрхөөрөө хадгалагдаж байна. Түүний бүтээлүүдийн судалгааг өргөжүүлэх, олон нийтэд илүү сайн таниулах, дэлхий нийтэд сурталчлах ажилд ихээхэн ач холбогдол өгөх шаардлагатай гэж үзэж эл үзэсгэлэнг Соёлын яамнаас зохион байгуулж байгаа юм. Соёлын яамны Соёлын өвийн газар, Өндөр гэгээний бүтээсэн эдгээр Дара эхийг ийм хэмжээнд нэг дор зохион байгуулж байгаа анхны тохиолдол болж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Монголын түүх, соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, тэдгээрийг дагасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгаа шинжилгээг шинэ түвшинд гаргах, Ази төдийгүй дэлхийн улс гүрнүүдэд сурталчлан таниулах нь чухал билээ" гэв.
Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн, олноо “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан Г.Занабазар уран баримлын бүтээлүүдээрээ Монголын урлагийн түүхэнд мөнхөрсөн юм. Түүний эдгээр бүтээл XVII зууны монгол цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болж чадсаныг мэргэжилтнүүд онцолж байна.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа хэлэхдээ, “Дэлхийд тодотголтой Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээл хүний биеийн хэмжээ харьцааг бурхны шашны тигтэй хослуулж гаргадгаараа онцлогтой. Уран баримлын урлагт цутгамлын давтагдашгүй аргыг үндэслэснээрээ өнөөдөр ч гэсэн урлаг судлаачдын анхаарлыг татсаар байгаа урлаг, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүдийг хамтад нь, нэг дороос үзэх ховорхон боломжийг энэхүү үзэсгэлэн олгож байна" гэдгийг тодотгов.
Хорин нэгэн Дара эхийн тухайд, эмэгтэй хүн бодь хутгийг олж бурхан болж болохыг мөн бурхдын үйлсийг бэлгэддэг Дара эхийн дүрслэл нь бурхны шашинт Энэтхэг, Төвөд, Монголын урлагт томоохон байр суурьтай юм. Учир нь Дара эхийн шүтлэг тухайн улс үндэстний дотор ихэд түгээмэл дэлгэрсэнтэй холбоотой. Улмаар Дара эхийн шүтлэг хийгээд түүний дүрслэл нь шашин номын хүрээнд дэлгэрээд зогсохгүй ард түмний ахуй амьдрал дунд нэвтрэн орж, улс үндэстний уугуул урлагийн бүтээл болон уламжлагджээ. Бурхны шашинд 21 Дара эх байдгаас Цагаан дара эх, Ногоон дара эхийг голлон үздэг.
Амирлангуй дүрт Ногоон Дара эхийн дээд хэсгийг цул, доод хэсгийг хөндий, чимэг, ээмэг, зүүлт, бугуйвч, хувцасны хээ угалз зэргийг эх биетэй нь хамтаар нэрмэл цутгуурын аргаар ямар ч гагнаасгүй урлажээ. Өндөр гэгээн ийм том хэмжээний хөрөг баримлыг хүрлээр хөндий атлаа цул цутгаж алтаар шарсан хийгээд хэвнээсээ их биетэйгээ хамт цутгагдаж гарсан духны чимэг, ээмэг, зүүлт, бугуйвч, шагайвч болон суурины иж бүрэн чимэглэлийг уран хөөмөл, сийлбэрийн аргаар тодруулж, ялангуяа тэдгээрийн нимгэн торгомсог хувцасны хээ угалз, материаллаг чанарыг тун нарийн төгс урлан гаргаснаараа хосгүй үнэт бүтээл болжээ.
Түүнчлэн Өндөр гэгээн Занабазар Цагаан Дара эхийн гайхамшигт дүрийг бүтээсэн нь хожмын шүтээн зурагт монгол урчуудын даган барих үндэс уламжлал болсон гэж үздэг. Уг бүтээлд Цагаан Дара эхийг монголжуу дүр төрхтэй урласан байна.
Үзэсгэлэнг зохион байгуулахад Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголбанк, Соёлын өвийн газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей дэмжин ажиллажээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир, УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн төлөөлөл оролцсон юм. Тус үзэсгэлэнг энэ сарын 9-ний өдөр 11.00-12.00, 14.00-16.30, 10, 11-ний өдөр 10:00-12:00, 14:00-16:30 цагт үзэх боломжтой.