Дэвшилтэт технологи нэвтрүүлсэн хүнсний үйлдвэр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Аз
жаргалаа хуваалцъя" уриатай “Жүр үр”
ХХК хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ илүү хүртээмжтэй байлгах үүднээс үйлдвэрээ нээж
ашиглалтад орууллаа. Дархан хотын 60 жил, “Жүр үр” ХХК-ийн Дархан салбарын 11
жилийн ойн хүрээнд бүтээн байгуулсан уг үйлдвэр нь 784 мкв аж.
Бялуу, нарийн боовны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлээр 1998 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, өдөр бүр шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэж байдаг тус компани нь 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр анхны салбараа нээж байсан бол өнөөдөр ийнхүү гурав дахь салбар, мөн үйлдвэрээ ашиглалтад оруулж байна. 12 сарын хугацаанд барьсан уг үйлдвэрийн барилгыг хүнсний үйлдвэрлэлд зориулсан PU хавтангаар хана, таазыг хийснээрээ онцлоготой аж.
Уг хавтан нь хортон шавж, нян бактер
үржихгүй, нягтаршил сайтай бөгөөд галд тэсвэртэй ажээ. Мөн үйлдвэрлэлийн зохион
байгуулалт нь хүнсний үйлдвэрлэлийн чанарын стандартыг хангасан, эрүүл ахуйн
чанарын тухайд урсгал хөдөлгөөнийг хооронд нь уялдуулан төлөвлөн барьжээ. Дархан хотод анх удаа дэвшилтэт технолгийг нэвтрүүлэн
хүнсний үйлдвэрлэлийн зориулалтаар барьсан уг барилгын гадна хана давхар
сендивч материалаар хийгдсэн тул дулаан алдагдалгүй, автомат тохиргоотой
сүүлийн үеийн агааржуулалтын системийг суурилуулжээ. Хүнсний манлай үйлдвэр,
Монгол Улсын ТОП-100 аж ахуй нэгжийн нэг "Жүр үр" ХХК нь нийт хоёр тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар уг үйлдвэрээ барьжээ.
11 жилийн өмнө 16 хүний орон тоотой үйл ажиллагаа эхэлж байсан бол өнөөдөр
ийнхүү гурав дахь салбар, үйлдвэрээ ашиглалтад оруулж, орон нутгаас ажиллах
боловсон хүчнээ авч нийт 80 гаруй ажилтантайгаар дарханчуудад үйлчилгээгээ
үзүүлж байна.
Нээлтийн
үйл ажиллагаанд "Жүр үр" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнх-Эрдэнэ, дэд захирал, Аж
үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Мөнхзул, үүсгэн байгуулагч Т.Маралхүү болон
аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, Хотын захирагчийн орлогч Б.Батболд, татварын
хэлтсийн дарга Х.Оюунцэцэг, ХХААГ-ын албаны дарга З.Нэргүй, АОЭНХ-ны тэргүүн Д.Соёлтуяа нар оролцлоо.
Аймгийн
ИТХ-ын дарга С.Насанбат нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Дархан хотын иргэдийг
ажлын байраар хангасан, татварын орлогыг нэмэгдүүлсэн үр өгөөжтэй он жилүүд
өнгөрч байна. Зөвхөн нэг байгууллагын бизнесийн асуудал мэт харагдаж байгаа
боловч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг хэн нь илүү татаж, хэн нь илүү дэмжиж
чадсан хот илүү хурдан хөгжиж чаддаг. Түүний нэгэн илрэл нь өнөөдрийн шинэ
салбар, хүнс үйлдвэрлэлийн салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалт хэмээн
онцоллоо.














