Төмөр замын нүхэн гарцыг энэ сарын 20-ны өдөр бүрэн ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул
аймгийн Орхон сумын Энхтал багийн нутаг Бүрэнтолгой орчмын айл өрхүүдэд
тулгамдсан асуудлыг шийдвэрлэжээ. Учир нь тухайн нутагт амьдардаг иргэд төмөр
замын гарам, нүхэн гарцгүйн улмаас 20-30 км тойрч төмөр замын хөндлөн трассыг
давах шаардлагатай байсан. Нийт 150 гаруй өрх тулгамдсан асуудлаа шийдвэрлэж
өгөхийг аймаг, орон нутгийн удирдлага, УИХ-ын гишүүдэд санал тавьсны үндсэн
дээр нүхэн гарцтай болж цаг хэмнэх, малаа саадгүй бэлчээрлүүлэх боломжтой
боллоо. Уг ажлыг УИХ-ын
гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлан дэмжиж орон нутаг болон УБТЗ, Сангийн яамны дэмжлэгтэйгээр ийнхүү хийж
хэрэгжүүлж байна.
Төмөр
замын нүхэн гарц хийх ажил нүдэнд энгийн мэт харагдавч маш нарийн төлөвлөгөө,
зохион байгуулалт шаардагддаг гэдгийг төмөр замчид онцолж байлаа. Олон улсын галт тэрэгний хөдөлгөөнийг
олон хоногийн өмнө урьдчилж зогсоох, мэдэгдэл өгөх зэрэг
шаардлагууд тулгарахын зэрэгцээ маш богино хугацаанд шуурхай, чанартай ажиллахыг шаарддаг аж. Нүхэн гарц хийх ажилд 50 орчим хүн, найман техник хэрэгсэл дайчлагдан, 10
цагийн хугацаанд галт тэргийн хөдөлгөөнийг түр зогсоож нарийн төлөвлөгөөний
дагуу шуурхай ажиллаж хөдөлгөөнийг нээсэн байна. Тус нүхэн гарцын гол үндсэн ажлыг хийсэн бол энэ сарын 20-ны өдрийг дуустал дагалдах ажлууд гүйцэтгэснээр нүхэн
гарц бүрэн ашиглалтад орох ажээ.

