Дэлхийн өнцөг булан бүрт орших өвийг хадгалж хамгаалахаар чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн Хорооны 40 дүгээр чуулган Истанбул хотноо болж байна. Чуулганаар Дэлхийн өвийн жагсаалтад шинээр 29 өв бүртгэх асуудлыг хэлэлцэхээс гадна 108 бүртгэгдсэн болон 48 устах аюулд өртөөд байгаа өвүүдийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд дүгнэлт хийх юм.
ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн Хорооны 40 дүгээр чуулган Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод 7 дугаар сарын 10-20-ны өдөр болох юм. Туркийн Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа болон Соёлын асуудал хариуцсан Ерөнхий захирал Лала Улкэрээр даргалуулан 11 хоногийн турш үргэлжлэх тус чуулганы албан ёсны нээлтийн арга хэмжээ 7 дугаар сарын 10-нд эхэлсэн.
Истанбул хотын Ататуркийн нисэх онгоцны буудалд болсон террорист халдлагаас хойш ердөө хоёр долоо хоногийн дараа болж буй энэхүү хурлын анхаарал хандуулах хамгийн чухал сэдэв нь яах аргагүй аюулд өртөөд буй дэлхийн өвүүдийг хэрхэн хамгаалах, аливаа халдлага аюулаас урьдчилан сэргийлэх асуудал болж байна.
Чуулганы нээлтийн арга хэмжээнд үеэр ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова, Туркийн Ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмус, Гадаад хэргийн сайд Мэвлут Чавушолу, Соёл, аялал жуулчлалын сайд Наби Авчи, Истанбул хотын дарга Кадир Топбас болон ЮНЕСКО-гийн удирдах байгууллагуудын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэд дэлхийн өнцөг булан бүрт орших хүн төрөлхтний байгалийн ба соёлын олон зуун дурсгалт өвүүд, тэр дундаа дайн, террорист халдлагад өртөн устаж алга болох аюултай тулгараад буй эдгээр үнэт зүйлсийг бүрэн бүтэн хадгалж хамгаалах нь олон улсын анхаарлын төвд байх шаардлагатай гол асуудал болохыг онцоллоо.
“Бидний өдгөө одоо амьдарч буй газраас өөр нутаг дэвсгэрт байрлах аливаа нэгэн байгалийн эсвэл соёлын дурсгалт газар устаж үгүй болох ньта бидэнд хор хөнөөл учруулж хүн төрөлхтний түүх, аливаа яс үндэстний өөр өөрсдийн өвөрмөц шинж чанар, үнэт зүйлсийн нэгээхэн хэсэг нь үүрд алга болж байдаг. Тиймээс бид нэгдэж энэхүү хурлаар дэлхийн өвүүдэд тулгарч буй аюулын эсрэг хамтдаа нүүр тулж сөрөн зогсоход чиглэсэн урьдчилан сэргийлэх арга замуудын талаар чухалчлан авч хэлэлцэх болно” хэмээн ЮНЕСКО-гийн тэргүүн Ирина Бокова 21 гишүүн орноос бүрдсэн Дэлхий өвийн хорооны ээлжит хурлыг ийнхүү нээсэн юм. Энэхүү чуулган 1977 оноос хойш жил бүр зохиож байгаа бөгөөд энэ жил 40 дэх удаагаа болж байгаа билээ.
Тус хороо нь 1972 онд батлагдсан Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн Конвенцийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Дэлхийн өвийн сангийн хөрөнгийгзарцуулах, санхүүгийн тусламж үзүүлэх ажлыг хариуцдаг. Түүнчлэн конвенцид нэгдэн орсон улс орнуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу аливаа эд, өвийн дурсгалт зүйлсийг Дэлхийн өвийн жагсаалтанд оруулах эсэхийг чуулганаараа авч хэлэлцэн эцсийн шийдвэрийг гаргадаг. Өнөөдрийн байдлаар 163 улсын нийт 1031 байгалийн болон соёлын өв ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлсэн байна.
Энэ удаагийн ЮНЕСКО-д бүртгэх өвийн 9 нь байгалийн, 14 нь соёлын, 4 нь хосолсон буюу шинж чанараараа байгалийн болоод соёлын элементүүдийг агуулсан өвүүд юм.
Дэвшиж буй өвүүдийг дурдвал Чад улсын «Ennedi Massif» хэмээх элсэрхэг хад чулуунуудаас бүрдсэн хөндий, Антигуа Барбуда улсын Антигуа тэнгисийн боомт болон түүний эргэн тойрны археологийн дурсгалт газар нутаг, дэлхийд хэмжээгээрээ 25-д бичигддэг Ираны «Лүүт» элсэн цөл зэрэг болно. Тус элсэн цөл 2005 онд Цельсийн 70.7 градус хүртэл халж байснаараа дэлхийн хамгийн халуун газар хэмээн тооцогддог байна. Мөн орчин үеийн барилга байгууламжийн архитектурын хэв маягийн төлөөлөл Щвейцарийн алдарт архитектор Ле Корбюзьегийн урласан Аргентин, Бельги, Франц, Герман, Энэтхэг, Япон болон төрөлх Щвейцарь зэрэг улсад байршилтай барилгууд нэр дэвшжээ.
Зохион байгуулагч Турк орны хувьд тус улсын Карс хотод буюу Турк-Арменийн хил дээр орших дундад зууны Армений сөнөсөн Ани хотыг Дэлхийн өвийн жагсаалтад нэмэхээр ажиллаж байна. Манай эриний V-XVII зууны үед хамаарах тус хот нь 1064 онд Туркуудэд эзлэгдэхээсээ өмнө Арменийн Багратидын эзэнт улсаас эхлээд Византийн гүрний нутаг дэвсгэрт оршин тогнож байсан бөгөөд 13-4 дүгээр зууны үеэс эхлэн олон удаагийн газар хөдлөлтийн гамшиг болон Монголын эзэнт гүрний булаан эзлэлтэд өртөн газар нутаг хүн амынх нь хэмжээ багассаар эцэстээ эзэнгүй газар болон хоцорчээ. Өдгөө энэ газарт цөөн хэдэн лалын сүм үлджээ.
Түүнчлэн хорооны гишүүн болох 21 улсын болоод бусад ажиглагч орнуудын албан ёсны төлөөллүүд энэ өдрүүдэд дэлхийн өвийн жагсаалтад аль хэдийнээ бичигдсэн 108 өв, мөн устаж алга болох аюулд ороод буй 48 өвийн хадгалалт хамгааллын талаар хэлэлцэн дүгнэлт гаргах юм.
Истанбул хотын засаг захиргааны харъяа Convention Center-д болсон нээлтийн арга хэмжээний үеэр Туркийн «ney» хэмээх лимбэний төрлийн бишгүүр хөгжимчин Кудси Эргүнэрийг ЮНЕСКО-гийн Энхтайвны төлөөлөгч уран бүтээлчээр өргөмжилсөн юм. Тэрээр Турк улсын ардын хөгжим тэр дундаа лалын шашны мевлеви суфизм урсгалын мартагдсан уламжлалт аялгууг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлч юм байна.
Дээр дурдсан ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн конвенцийн дагуу Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн өвүүдийг тухайн харъяа улс орнууд өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо ашиглан хадгалах хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг хүлээхийн хажуугаар дэлхийн өвийн комисс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн сангаас энэхүү үйл хэрэгт зориулан тодорхой хэмжээний санхүүжилт тусламж үзүүлдэг байна. Энэ сарын 11-ний өдөр болсон хэвлэлийн хурлын үеэр улс орнууд дэлхийн өвийн жагсаалтад өөрсдийн нутаг дэвсгэр дээрх өвийг бүртгүүлсний дараа тус улсад ирэх жуулчдын тоо өссөн үзүүлэлт хэд хэдэн судалгаагаар гарсан гэдгийг чуулганы даргалагч Лала Улкэр хэлсэн юм.
Чуулганы 4 дэх өдөр буюу 7 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар ОХУ-аас Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Байгаль нуурын хамгаалалт, хадгалалтын талаарх асуудлыг хянан дүгнэх гэж байна. Тэр дундаа Монголын Сэлэнгэ, Орхон болон Эг голуудын хөндийд барих усан цахилгаан станцууд нь энэхүү өвд хэрхэн нөлөөлөх талаар Байгаль хамгаалах Олон Улсын Холбооны Хяналтын багийн 2015 онд хийсэн судалгаанаас гаргасан санамжуудын хэрэгжилт зэрэг Монгол улстай шууд хамаарал бүхий хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү чуулганд Монголын талаас Байгаль орчны яамны төлөөлөгчид ажиглагч орны статустайгаар оролцож байна.
ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхийн тулд улс орнууд өөрсдийн өвөө урьдчилсан жагсаалтад оруулж нэр дэвшүүлдэг. Энэ жилийн хувьд манай улсаас Дэлхийн өвийн жагсаалтанд орохоор нэр дэвших өв байхгүй ч Монгол Улсаас одоогийн байдлаар нийт 13 өв урьдчилсан жагсаалтад багтан нэр дэвшихээр хүлээгдэж байна. Харин өнгөрсөн жил ХБНГУ-ын Бонн хотноо болсон Дэлхийн өвийн хорооны 39 дүгэээр чуулганаар Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг соёлын ангиллаар Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн нь манай улсаас тус жагсаалтад орж буй 4 дэх өв болсон юм.
Ц.Балжмаа