Халх сурын харвааны шилдгүүд тодрох мөч ойртсоор байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМҮндэсний их баяр наадмын Халх сурын харвааны шилдгүүд тодрох мөч ойртсоор Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг дуусч байна.
Энэ жил 540 харваач цэц мэргэнээ сорьж байгаа бөгөөд харваачид 40 сум тавьж шигшээ 8 харваач тодорч түрүү харваач шалгардаг уламжлалтай.
2015 оны шилдэг ахмад эрэгтэй харваачаар тодорсон Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, Сонгинохайрхан дүүргийн үндэсний сурын багийн дасгалжуулагч, МҮСХ-ны хүндэт мэргэн, спортын мастер Дашийн Санжаасүрэнтэй уулзаж сэтгэгдлийг нь авсан юм.
“Энэ жилийн наадамд олон залуу харваач түрж орж ирсэн нь сурын харвааг улам өргөжүүлэн хөгжүүлж байгаад таатай байна. Энэ наадамд Даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, Ш.Даваахүү тэргүүтэй олон улсын мэргэн харваач, спортын мастерууд цэц мэргэнээ сорьж их өрсөлдөөн өрнөж байна. Одоо 36 дахь сумаа тавиад байх шив. Хэнийг нь ч илүү гэж хэлэх арга алга байна. 40 дэх сум тавьсаны дараа л хэн түрүү авах нь тодрох болов уу. Миний хувьд 1990-ээд оноос сур харваж байна. Одоо дасгалжуулагч хийгээд олон шавь төрүүлжээ. Тухайлбал Даяар дуурсах дархан мэргэн Ш.Даваахүү, Д.Норжмаа, Д.Эрдэнэтуяа нарын шилдгүүд бий. Би Завхан аймагт олон жил амьдарч байхдаа олон шавь төрүүлсэн. Спортын мастер 30-аад, улсын мэргэн харваачид 6 бий, тэд нийтдээ Улсын баяр наадамд 10 удаа түрүүлсэн" гэлээ.