Өлгий сумын гурван багийн 200 орчим айл үерт автжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБаян-Өлгий аймагт баяр наадмын үеэр аадар бороо орсны улмаас Өлгий сумын гурван багийн 200 орчим айл үерт автсан тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Тодруулбал долдугаар сарын 10-нд Баян-Өлгий аймгийн төвд хүчтэй бороо орсны улмаас Өлгий сумын 6, 9, 13 багийн айлууд үерт автаж аймгийн Онцгой байдлын албан хаагчид ажиллажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Баян-Өлгий аймагт болсон нөхцөл байдалд анхаарал хандуулж, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэн, үерт автсан айлуудад яаралтай тусламж үзүүлэн ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон байна.
Ѳлгий сумын 9 дүгээр багт Онцгой байдлын газрын 3 бүлэг, Ѳлгий сумын мэргэжлийн ангиийн бие бүрэлдэхүүн далан босгож, үерийн усыг Ховд гол руу урсгах 1 км гаруй шуудуу ухаж, усанд автсан болон нурсан блокон байшинтай айлуудын эд зүйлсийг үерийн голомтоос нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Үерийн гамшгийн улмаас 770 гаруй иргэн орон гэргүй болжээ.
Б.Заяа