Дархан-Уул аймгийн “Өсвөрийн Парламент”-ын анхдугаар чуулган боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дэргэд өнгөрсөн сард байгуулсан “Өсвөрийн Парламент”-ын анхдугаар чуулга уулзалт боллоо.
Уг чуулганаар хүүхэд багачууд өөрсдийн тулгамдсан асуудлаа хэлэлцэж, тодорхой уриалга гаргахын зэрэгцээ ИТХ-ын төлөөлөгчдийн хэрхэн ажилладаг талаар танилцсан юм. Уг “Өсвөрийн Парламент” нь орон нутгийн дээд байгууллага болох Нутгийн өөрөө Удирдах ёсны байгууллага, түүний бүтэц, зохион байгуулалт, ИТХ-аас батлан хэрэгжүүлж буй шийдвэр үйл ажиллагаа ард иргэдийн амьдралд хэрхэн тусгалаа олдог, ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчдийн оролцооны талаар сурагчид, залуу үеийнхэнд сурталчлан таниулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой аж. “Өсвөрийн
Парламент” нь Ерөнхий боловсролын 26 сургуулийн 23682 сурагчдын төлөөлөл бүхий
ахлах ангийн 18 сурагчдын бүрэлдэхүүнтэй аж.
Тус чуулганд аймгийн удирдлагууд, ИТХ-ын
дэргэдэх хяналтын хорооны дарга нар, аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, тус сурагчдыг
чадавхжуулахад голлох үүрэг хүлээсэн чиглүүлэгч багш нар, ЕБС-ын Түүх нийгмийн
ухааны багш нарын төлөөлөл оролцлоо.
Аймгийн ИТХ-ын
дарга С.Насанбат “Өсвөрийн Парламент”-ын анхдугаар чуулга уулзалтыг нээж хэлсэн
үгэндээ: “Өсвөрийн Парламент” нь тогтмол үйл ажиллагаатай байх бөгөөд хүүхэд
залуу үеийн төлөөлөл болж, тэдний хүсэл сонирхлыг төрд илэрхийлэх, хөгжүүлэх
эрхэм үүргийг цаашид авч явах юм.
“Өсвөрийн
Парламент”-ын төлөөлөгч сурагчид өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэн хүүхдийн
эрхтэй холбоотой тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар үнэтэй санал
санаачилга гаргаж, төсөл боловсруулан өөрсдөө хэрэгжүүлэх болно. Тэдний
гаргасан саналыг бодит ажил хэрэг болгоход аймгийн ИТХ, ЗДТГ, ГХУСАЗСЗ анхаарч ажиллах болно гэв.
Анхдугаар чуулга уулзалтаас Дархан-Уул
аймгийн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ-ын Төлөөлөгчид
тэргүүлэгчид болон хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг бүхий л
шийдвэр гаргагч хүн бүхэнд хандаж “Өсвөрийн Парламент” бүлгэмийн сурагчдын
зүгээс дараах уриалгыг дэвшүүлсэн
байна.
1. Дархан-Уул
аймгийн хэмжээнд хүний эрх, эрх чөлөө, хүүхдийн эрхийг хамгаалах аян өрнүүлж
“Өсвөрийн парламент” бүлгэмийн сурагчдын үйл ажиллагааг дэмжин ажиллана уу.
2. Бүх төрлийн
ялгаварлан гадуурхлаас ангид байж, бүгд тэгш сурч хөгжих боломж олгосон хот
болохын төлөө хүчээ нэгтгэе
Аймгийн ИТХ-ын
дарга С.Насанбат болон бусад удирдлагууд Өсвөрийн парламентын Төлөөлөгч
сурагчдаас гаргасан санал санаачилга бүрийг үнэ цэнтэйгээр хүлээн авч, ажил
хэрэгт болгож хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.



