Ли Көцяны гэргий Ченг Хонг 1 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гэргий Ченг Хонг нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт нэг сая юанийн хөрөнгө оруулалттай бүхий эд зүйлийг хандивлажээ.
Буцалтгүй тусламжид 28 хүний суудалтай хүүхдийн автобус, компьютер, хувилах машин, цүнх, тоглоом зэрэг багтаж байгаа юм. Тусламжийг өчигдөр гардаж авсан бөгөөд уг ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсаас БНХАУлсад суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон тус төвийн багш хүүхдүүд оролцов.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд энэ үеэр хэлсэн үгэндээ нийслэлийн 9 дүүргийн хамгийн эмзэг, хүнд нөхцөлд амьдарч байсан хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг энэхүү төвийг сонгон БНХАУ-ын ард түмэн, Засгийн газраас тусламж үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлээд “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, амьдрах, сурах орчин нөхцөлийг сайжруулахад олон ажлыг хийнэ гэдгээ хэллээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хайминий хувьд эрхэмсэг хатагтай Ченг Хонгийн чин сэтгэлийн бэлгийг гардуулж өгөх гэж байгаадаа баяртай байгаагаа онцлоод суралцагдад сурлагын их амжилт хүссэн юм.
Тус цогцолборт хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангаж, төлөвшүүлэн нийгэмшүүлж, сурган хүмүүжүүлдэгээс гадна мэргэжил олгох сургалтад хамруулдаг. Цогцолборын хэмжээнд БНХАУ-ын Бээжин, Нанжины их сургуулиудад 4 оюутан, ӨМӨЗО-ны Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуулийн мэргэжлийн сургалтад 6 оюутан, Япон Улсын Нисэхийн академийн хөгжмийн сургуульд 5 сурагч суралцаж байгаа аж.