Шинэ сургуулийн барилгын ажлыг ирэх хавар эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-24 15:45:12

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг энэ онд "Боловсрол-2032" хөтөлбөрийг баталсан. Боловсрол 2032” хөтөлбөрөөр дамжуулан сурагчдын авьяасыг хөгжүүлэх, судлагдахуун хичээл бүрт чанартай боловсрол эзэмшүүлэх, багшийн чадавхыг сайжруулах үе шаттай богино хугацааны гадаад, дотоодын сургалтад хамруулах, амжилттай суралцаж буй багш сурагчдад тэтгэлэг олгох, техник хангамж, сурч боловсрох орчныг сайжруулах зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. Энэ хүрээнд  2024 он хүртэл төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран таваас доошгүй сургуулийн барилгыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дээрх таван сургуулийн нэг нь Дархан сумын 15 дугаар баг буюу Хүслийн хотхоны дэргэд 960 хүүхдийн сургуулийн барилга юм.  

Тус ажлыг эхлүүлэхээр “Би Энд Би констракшн” ХХК, Азийн хөгжлийн банкны төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. 960 хүүхдийн сургуулийн барилгын санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээний дагуу “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс гаргахаар болжээ. Гүйцэтгэгчээр ажиллаж буй “Би Энд Би констракшн” ХХК нь барилгын чиглэлээр 14 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд барилгын ажлыг 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлж 2023 оны 10 дугаар сарын 31-нд дуусгахаар төлөвлөжээ. Нэг га талбайд барилгын ажил өрнөх бол төлөвлөлтөөрөө шинээр барих сургуулийн ойр орчмын тохижилт, ногоон байгууламж, спорт талбай, сургуульд хэрэглэгдэх бүх тоног төхөөрөмжийг давхар шийдэх ажээ.

Ташрамд Дархан-Уул аймаг өнгөрсөн найман жилийн хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч 17 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулсан. Харин өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн барилгыг өргөтгөх болон шинээр барьж ашиглалтад оруулахад анхаарч байна. 

相关新闻