Гэр оронгүй иргэдийг нийгэмшүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-12-29 17:00:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргасан байдаг. Эдгээр иргэдийг дулаан байранд гурван сар байлгах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргасан. Энэ дагуу 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр дээрх иргэдийг цуглуулан дулаан байранд байлгаж эхэлсэн.

Дээрх иргэдтэй аймгийн Засаг дарга Б.Азжаргал уулзлаа. Тэдний хувьд дулаан байранд амьдарч, эрүүл мэндийн үзлэгт хамрагдан хийн дасгал, хөдөлгөөн, бариа засал, физик эмчилгээ, нурууны цахилгаан массаж хийлгэн, өдрийн 3 удаагийн хоол, амьжиргааны анхан шатны хэрэглээний бүтээгдэхүүнээр хангаж, амьдрах ухааны сургалтад сууж байгаа аж.

Тус ажлыг аймгийн ЗДТГ, ХХҮГ, Дархан сум, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Дарханы Дулааны сүлжээ ТӨХК, Нийгмийн даатгал, Дэлхийн зөн, Гүүд нейборс, Улаан загалмай, Мөнгөтийн таг, Сэйнт Жон Боско, МС багачуудын өдөр өнжүүлэх төвийн алба хаагчид хамтран зохион байгуулж байна.

Цаашид эдгээр иргэдийг ажилтай орлоготой болгох, нийгэмшүүлэхэд илүү анхаарна гэдгээ аймгийн Засаг дарга Б.Азжаргал уулзалтын үеэр хэллээ. 

相关新闻