ДАРХАН-УУЛ: Зулзагын гол орчмыг хөрсний бохирдлоос сэргийлэх талаар өдөрлөг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 он есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Байгаль орчны газар, Дархан дахин төлөвлөлтийн газар, Сум дундын ойн анги, Экологийн цагдаагийн албатай хамтран зулзагын гол зуслангийн бүс дэх айл өрх, ААНБ-уудад зориулан хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор эко жорлон сурталчлах, цаашид ашиглаж хэвшихийг уриалсан өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт эко жорлон нийлүүлэгч ААНБ-ын төлөөлөл ирж иргэдэд бүтээгдэхүүнээ танилцуулах, хөрсний бохирдол, эрүүл ахуйг хэрхэн хангах талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 12000 гаруй нүхэн жорлон байдаг судалгаа бий. Гэр хорооллын хөрсний бохирдлыг шийдэх зорилгоор эко жорлон ашиглаж буй айл өрхийн бохирыг жилд хоёр удаа үнэ төлбөргүй орон нутгаас санхүүжилтийг нь шийдвэрлэн соруулдаг болсон.
Гурван жилийн өмнө эхэлсэн уг ажилд анх 40 орчим өрх хамрагдаж байсан бол энэ жил 350 гаруй өрх хамрагджээ. Жилээс жилд хөрсний бохирдлыг бууруулахад иргэн ААНБ-ууд идэвхтэй байгааг зохион байгуулагчид дурдаж байлаа.
Харин зуслангийн бүс дэх нүхэн жорлонгийн судалгааг хийгээгүй бөгөөд голын ай сав, ой модоор хүрээлэгдсэн Зулзагын гол орчмын хөрсний бохирдлыг хамгаалах зорилгоор уг өдөрлөгийг төр, хувийн хэвшил хамтран зохион байгуулж байна.
Цаашид зуслангийн бүс дэх нүхэн жорлонгийн судалгаа хийх, хэдэн өрх, ААНБ байгаль орчинд ээлтэй жорлон, ариун цэврийн байгууламж барьсан зэргийг нарийвчлан гаргах шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.
Гол дагуу малчин өрх, иргэнд олгосон газар их, Тужийн нарсны төгсгөл Зулзагын гол дахь ой модонд амралтын газар, хүүхдийн зуслан, ААНБ-уудын амралт, сувилал олон бий. Эдгээр газарт нүхэн жорлон барих бус эрүүл ахуйн шаардлага хангасан, хөрсний бохирдол үүсгэхгүй байх зориулалттай жорлон, ариун цэврийн байгууламж барих хэрэгтэйг тус өдөрлөгөөр чухалчилж, тухайн бүсийн оршин суугч, байгууллагын төлөөлөлд мэдээлэл хүргэлээ.
Аймгийн хэмжээнд тохирлын гэрчилгээтэй, эко жорлон, ариун цэврийн байгууламж барих зөвшөөрөлтэй компаниуд болон Улаанбаатар хотод ижил үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллага оролцлоо.
Хөрсний бохирдлоос сэргийлсэн эко жорлон нийлүүлэхэд байшин дотор болон гадна талд байрлуулахаас шалтгаалж үнийн хувьд 1.8-6.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Төлбөрийн нөхцөлийн тухайд банкны ногоон зээлд хамрагдах боломжтой гэдгийг тодотгов. Цаашид хөрсний бохирдлоос сэргийлэхэд иргэн бүр идэвхтэй байж, өрхийн болон амралтын газрын жорлонг эрүүл ахуйд нийцсэн, орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан байх хэрэгтэйг Байгаль орчны газраас уриалж байна.
Ташрамд, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт байгаль орчныг хамгаалах, ногоон орчныг бүрдүүлэх, ногоон хөгжлийг дэмжих зорилтууд тусгагджээ. Үүнтэй уялдуулан эко жорлон хөтөлбөрийг 2022 оноос хойш хэрэгжүүлж байна.