Гэмт хэргийн улмаас 828,3 сая төгрөгийн хохирол учирчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн
анхан шатны шүүх 2021 онд өмнөх оны үлдэгдэл хэргийг нэмээд нийт 169 эрүүгийн
хэрэг хүлээн авчээ.
Үүнээс 5 хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн байцаалтад буцааж,
156 хэргийг шийдвэрлэсэн ба 8 хэргийн үлдэгдэлтэй байна. Үүнийг өмнөх онд шийдвэрлэсэн
эрүүгийн хэрэгтэй харьцуулбал 76 хэргээр буюу 32,7 хувиар буурсан үзүүлэлттэй аж.
Шийдвэрлэсэн хэргийг төрлөөр нь авч үзвэл, хүнийг алах гэмт хэрэг 4, бусдын
эрүүл мэндэд хүнд хохирол учруулах 5, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах
4, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах 49, гэр бүлийн хүчирхийлэл
үйлдэх 1, хүчиндэх 4, арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд
орох 3, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх 1, хүүхдийг асрах үүргээ үл биелүүлэх
1, хулгайлах 11, дээрэмдэх 1, залилах 6, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд
хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших 3,
алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал
завших 4, авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах 4, эд хөрөнгө устгах,
гэмтээх 3, болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх 1 гэмт хэрэг байна.
Мөн мал хулгайлах 11, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах 1,
мөрийтэй тоглоом зохион байгуулах 1, нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах 1,
гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх 1, эрх
мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 3, хахууль авах 3, хахууль өгөх
1, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах 1, хууль сахиулагчийг
эсэргүүцэх 3, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах 2, хууль бусаар ан агнах 1,
хууль бусаар мод бэлтгэх 4, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 2, авто
тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 16
эрүүгийн хэргийг тус тус шийдвэрлэжээ.
Тус шүүхээр шийдвэрлэгдсэн 155
эрүүгийн хэргийн улмаас 173 эрэгтэй, 79 эмэгтэй, насанд хүрээгүй 15 хүүхэд, 4
компани, 1 нөхөрлөл, 13 төрийн байгууллага хохирч, 14 хүн нас баржээ. Түүнчлэн 62 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, 6 хүний
эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 9 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан.
Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ 828,3 сая төгрөг
байна.