Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн үйл ажиллагааг бүрэн зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-01-12 15:30:51

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах зорилгоор дараах шийдвэрүүдийг гаргасан байна.

Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал, цуглааныг өнөөдрөөс эхлэн энэ сарын 27-ныг хүртэл хязгаарлалаа. Худалдаа, үйлчилгээний байгууллагыг дээрх 15 хоногийн хугацаанд 22.00 цаг хүртэл ажиллуулахаар зохицуулалт хийсэн бол олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн үйл ажиллагааг бүрэн зогсоов. Энэ хугацаанд вакцины сэргээх тун, сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

Голомт бүхий сумдад голомтыг хумих, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил аргазүйгээр хангах, мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давлагаанаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулах, эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангахыг үүрэг болголоо. Түүнчлэн аймгийн нутаг дэвсгэр дээр бүх төрлийн шагнал гардуулах үйл ажиллагааг энэ сарын 27-ны өдрийг хүртэл зогсоожээ.

 

相关新闻