Монголын хаадын хөргийг залав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЧингис хаанаас эхлээд Лигдэн хутагт хаан хүртэлх алтан ургийн хаадын хөргийг Дундговь аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд залав. Хөргийг дагалдуулж Монгол хаадын хөргийн 13 боть, дэлгэмэл хуудаснаа бүтээсэн “Монголын нууц товчоо” хөлгөн судрыг мөн залжээ.
Эх түүх, их хаадаа хүндэтгэж, хойч үеийнхэнд танин мэдүүлэх , түүх соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулахаар аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хэлэлцэн, “Төрт ёс, хаадын сан” Төрийн бус байгууллагад хүсэлт гаргаснаар энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Үүнд аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 5.5 сая төгрөг зарцуулжээ.
“Төрт ёс, хаадын сан” нь эх түүх, их хаадаа судалж, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд тус сангийн эрдмийн зөвлөлийн гишүүдийн санаачлагаар Монгол Урчуудын эвлэлийн шагналт зураачидтай хамтран Алтан ургийн хаадын хөргийг бүтээсэн ажээ.
Т. Отгонтуяа