Хуралдааныг хуулийн хугацаанд нь хуралдуулахыг шаарджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн ИТХ- ын ээлжит сонгуулийн үр дүнд бүрдсэн ИТХ- ын анхдугаар хуралдаан орой 19 цаг 20 минутад эхлээд байна.
Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид өчигдөр орой хуралдаж, 2016 оны сонгуулийн үр дүнд бүрдэж буй ИТХ- ын анхдугаар хуралдааны товыг долдугаар сарын 22- ны өдөр тогтоосон.
Энэ товыг хууль зөрчин гаргасан гэж үзэн өнөөдөр нэр бүхий 19 төлөөлөгч гарын үсэг бүхий шаардлагыг аймгийн ИТХ- ын ажлын албанд хүргүүлж, анхдугаар хуралдааныг хуулийн хугацаанд буюу өнөөдөр багтаан хуралдуулахыг шаарджээ.
Энэ дагуу ИТХ- ын ажлын алба хуралдааны бэлтгэлийг хангаж, өнөө орой анхдугаар хуралдааныг эхлээд байна.
Сонгогдсон төлөөлөгчдийн хамгийн ахмад настай нь анхдугаар хуралдааныг даргалах дэгийн дагуу төлөөлөгчийн түр үнэмлэх гардсан Д. Мягмардорж хуралдааныг даргалан нээлээ. Хуралдаанд МАН- аас нэр дэвшин сонгогдсон 19, МАХН- аас нэр дэвшин сонгогдсон 1 төлөөлөгч тус тус хүрэлцэн ирсэн нь ирвэл зохих төлөөлөгчийн 57.13 хувийг бүрдүүлсэн тул хуралдаан үргэлжилж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг үндэслэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулан, үнэмлэхийг гардууллаа.
Хуралдаан хэлэлцэх асуудлын дарааллаа батлан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын нэгдүгээрт анхдугаар хуралдааны дэгийг батлах бөгөөд мөн намуудын бүлэг байгуулах, ИТХ- ын дарга сонгох, ИТХ- ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгох, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг таван асуудлыг хэлэлцэнэ.
Т. Отгонтуяа