Ихэнх нутгаар энэ сарын 9-нөөс хүйтний эрч чангарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2022-02-07 14:57:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах боловч, энэ сарын 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.


2022 оны 2 дугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зарим газраар, 12-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд говь, талын нутгаар, 12-нд говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 9-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 градус, өдөртөө 29-34 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.


相关新闻