Нүүрс тээвэрлэгчид ковидгүй бүс болох аянд нэгдэхийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрс тээврийн жолооч нарын холбоод, ТББ-аас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, хилийн боомтуудыг “Zero Covid boomt-2022” буюу ковидгүй бүс болгох 3 сарын аяныг эхлүүлж буйг мэдэгдэв. Мөн үүнд хамтарч ажиллах саналыг Хилийн боомтын Үндэсний зөвлөл, төр засагт тавив. Энэ талаар аяныг зохион байгуулж буй тээвэрчдийн “Баян зам” холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Баярхүүгээс тодруулав.
Тэрээр, Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээхүрэн гэсэн голлох 3 боомтод үйл ажиллагаа явуулж, тээвэрт оролцдог тээврийн компаниуд болон ТББ-ын төлөөлөл төрийн холбогдох хүмүүсийг оролцуулан өнөөдөр зөвлөлдөх уулзалт хийж байна. Бид өнгөрсөн хугацаанд ковидын эсрэг янз бүрийн арга хэмжээ авч, улс орныхоо нүүрсний экспортыг сайжруулах гэж олон үйл ажиллагаа явууллаа. Үр дүн бага гарсан гэж дүгнэн үзээд ААН-үүд болон тээвэрчдийн холбоод өөрсдөө нэгдээд энэ үр дүнгүй нөхцөл байдлаас гарах арга замаа тодорхойлъё, энэ дээр төр засагтай хамтарч ажиллая гэдэг үүднээс өнөөдөр нэгдэж байна гэв.
Тэрээр “Zero Covid
boomt-2022” нь хөдөлгөөн юм гэдгийг
тодотгож, нүүрсний экспортын тээвэр дээр хүлээн авагч тал болох БНХАУ-аас ямар стандарт
шаардаж, юу хүсээд байгааг нь тус улсаас зөвлөх мэргэжилтнүүдийг боомтууд
дээрээ урьж ярилцан халдваргүй бүс болох ажлыг олон талаасаа
хамтдаа шийдье гэсэн саналыг тавьж байгаагаа илэрхийлэв.
Хилийн боомтууд дахь нөхцөл байдлын тухайд тээвэрчдийн мэдээлснээр, Гашуунсухайтад өдөрт 100 орчим жолооч тээврийн хэрэгсэлтэйгээ хил гарч, бусад мянга гаруй жолооч дараалалд зогсон тээвэр хэзээ сэргэж өргөжихийг, мөн төрийн холбогдох 3 яамнаас гарах шинэ журмаар юу өөрчлөгдөхийг хүлээж байна гэв. Замын-Үүд боомт дээр өдөрт 50-60 чингэлэг ачаа гарч, хилийн цэргийн тээвэрчид ажиллаж буйг Замын-Үүд дэх тээвэрчдийн “Сайн залуурчид” холбооны тэргүүн М.Энхтүвшин мэдээлэв.
Уулзалтад ЗТХЯ-ын холбогдох албаны хүмүүс болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдлага оролцож санал бодлоо солилцлоо.