Энэ хичээлийн жил багш, ажилтнуудын 33.1 хувь нь коронавирусээр халдварлажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэр болон БШУ-ны сайдын А/38 дугаар тушаалын дагуу бүх шатны боловсролын сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагаа танхимаар өнөөдөр эхэллээ.
ЕБС-ийн 2021-2022 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл энэ өдөр орон даяар 100 хувь танхимаар эхэлсэн бол, цэцэрлэгүүдийн 96 хувь нь үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Увс аймагт ойрын өдрүүдэд -40 хэм хүртэл хүйтэрч байгаа цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ЕБС-ийн бага ангийн хичээлийн цагийг уян хатан зохицуулж, цэцэрлэгийн үйл ажиллагааг аймгийн онцгой комисс, Засаг даргын шийдвэрээр 2 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр хойшлуулсан байна.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд нийт 84 952 багш, ажилтан ажиллаж байгаагаас вакцины 1 дүгээр тунд 96.8 хувь, 2 дугаар тунд 95.7 хувь, 3 дугаар тунд 74.1 хувь, нэмэлт 4 дүгээр тунд 5.6 хувь нь тус тус хамрагджээ.
Харин цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нийт багш, ажилтнуудаас энэ хичээлийн жилд 33.1 хувь нь буюу 26 833 хүн ковидын халдвараар өвчилсөн байна.
Танхимын сургалт урт хугацаагаар завсарласны дараа сургууль, цэцэрлэгтээ эргэн холбогдож буй сурагч, хүүхдүүдийнхээ дархлааг дэмжиж, сэтгэл санааг нь тайван байлгах, хэт их ачаалал өгөлгүй, урам зориг өгч, байнгын халамж, анхаарал тавин дэмжиж, хамтран ажиллахыг Боловсролын ерөнхий газраас эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгчид уриалж байна.